|
Видео

Шинэ мэдээ

“Урагшгүй ноёны ухаангүй албат” Б.Отгонсүх Замын-Үүд дэх Гаалийн газрыг удирдаад юу хийж бүтээсэн бэ?

“Урагшгүй ноёны ухаангүй албат” Б.Отгонсүх Замын-Үүд дэх Гаалийн газрыг удирдаад юу хийж бүтээсэн бэ?

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Отгонсүхийг Замын-Үүд дэх Гаалийн газрын үүрэг гүйцэтгэгчээр томилуулахаар нэлээд өндөр албан тушаалтай, нөлөө бүхий хүн хөөцөлдөж буй нь тухайн үед шуугиан тарьж байсан. Харин ийм томилгоо хийх гэж буй тухай мэдээлэл сонссон Улаанбаатар хотын гаалийн ажилтнууд "мэргэжлийн бус хүмүүсээс арай гэж салж байтал дахиад мэргэжлийн бус хүнийг даргаар томилох нь” хэмээн дургүйцэж байжээ. Юутай ч тухайн үед түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-аар хянуулахаар хүргүүлсэн аж. Б.Отгонсүхийн тухайд өмнө нь НИТХ-ын төлөөлөгч, тухайн үед хотын дарга байсан С.Амарсайханы Зам тээвэр хариуцсан орлогч байхдаа "...ирэх онд агаарын соронзон галт тэрэгтэй болно” хэмээн "сайхан залж” байсан удаатай.

 

Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байсан ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй юм. Тодруулбал, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат тэргүүтэй хүмүүс түүний хүсэлтээр албан тушаалаа урвуулж, "Сити баз консалтинг” компанийн захирал Ц.Отгонбаяр, Г.Зуундарь нартай шууд гэрээ байгуулан 1.8 тэрбум гаруй төгрөг шилжүүлсэн хэргийг АТГ шалгасан билээ. Ийн шалгахдаа Б.Отгонсүхийг яллагдагчаар татаж байсан юм. Бас болоогүй Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч болоод удаа ч үгүй байхдаа нэгэн томоохон компанийн дансыг хаах албан бичгийг Хаан банкинд хүргүүлжээ. Харин Хаан банкны зүгээс Б.Отгонсүхийн гаргасан хүсэлтийн дагуу тус компанийн дансыг хаасан гэсэн. Хэрэв үнэн бол шүүхийн шийдвэр гараагүй байхад дур мэдэж аж ахуйн нэгжийн дансыг хаасан энэхүү асуудал нь тун ноцтой зүйл юм. Хуулиар бол ямар нэгэн компани, байгууллагын дансыг шүүхийн шийдвэрээр хаах ёстой.

 

Эсвэл Хаан банк шүүх прокурорын үүргийг давхар гүйцэтгэдэг болчихсон юм уу? Энэ бол цар тахлын үед болсон явдал. Ер нь цар тахлын үед хөрөнгө оруулалт тасралтгүй хийж, татвараа төлж ирсэн томоохон компаниудын ачаар Засгийн газар хүүхдийн мөнгө, вакцин хийлгэсний урамшуулал, айл бүрт хоёр ч удаа олгосон хорионы үеийн мөнгөн тэтгэмж гээд бүх халамж тэтгэмжийг нуруундаа үүрч гарсанд монголчууд талархах хэрэгтэй. Гэтэл Б.Отгонсүх Замын-Үүдийн Гаалийн газрын даргын үүргийг гүйцэтгэх болсон цагаасаа л "луйварчин” банкуудтай хуйвалдан томоохон татвар төлөгчдөө дарамталж, шүүхийн шийдвэргүйгээр дансыг нь хаалгаж байгаа нь гүйцэтгэх ажиллагаа юм уу, гүйцэт цадаагүй цүнх баригчдын андуурал уу? Эсвэл хуулиа мэддэггүй хуудуутай алхам уу, хувь хувьсгал дамнасан хуйвалдаан уу гэдгийг Б.Отгонсүх тайлбарлах хэрэгтэй. Хууль зөрчин хэдэн мянган ажилтантай компани

йн дансыг шүүхийн шийдвэргүйгээр хаасан гэж байгаа Хаан банк ч тайлбар өгөх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллага, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэж ам билүүдэж, андгай тангараг өргөсөн төрийн "томчуудын” ам, ажил нь хэрхэн зөрдгийн жишээ энэ.

 

Б.Отгонсүх ингээд болоогүй, 2021 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 17 цагаас шөнийн 00 цаг хүртэл Замын-Үүд дэх Гаалийн газрын амралтын гэр баазад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж, Замын-Үүд дэх гаалийн газрын 30 гаруй ажилчид оролцсон нижгэр баяр хийж байсан гэдэг. Уг нь Замын-Үүд дэх ачаа барааны гацаа чирэгдэл үүсээд байгаа асуудлаа шийдэх ёстой атал баяр наадам хийж, улмаар гаалийн газрын байцаагч Ш.Бат, Б.Булгантамир нартай нийлж, байцаагч н.Ууганбаярыг бүлэглэн зодож бие махбодид нь гэмтэл учруулсан бөгөөд өөрийгөө Гаалийн ерөнхий газрын дарга болох гэж байгаа хэмээн хохирогчийг гомдол гаргуулахгүйгээр асуудлыг нуун дарагдуулж байсныг тухайн үед хэвлэл мэдээллийнхэн гарчиглаж байсан юм. Тэрбээр богино хугацаанд албан тушаал ахидаг ч үүрэгт ажил нь огт ахидаггүйг Замын-Үүдийн ачаа бараа, тээврийн түгжрэл, дааж давшгүй үнийн өсөлтөөс харж болох юм.

 
ЭХ СУРВАЛЖ: KINGNEWS.MN 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.