|
Видео

Шинэ мэдээ

В.Зеленский, Ж.Байден нар утсаар юу хэлэлцэв?

В.Зеленский, Ж.Байден нар утсаар юу хэлэлцэв?

 

КИЕВ. /TASS/. 
Украины төрийн тэргүүн Владимир Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар пүрэв гаргийн орой утсаар ярьсан бөгөөд Киевийн зарласан цагаас нэг цагийн дараа эхэлж, 90 минут орчим үргэлжилжээ.
Хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь Донбассын асуудлыг тайван замаар зохицуулах үйл явц, мөн Украин улсад түрэмгийлсэн тохиолдолд АНУ-аас үзүүлэх тусламж, ОХУ-д авах хориг арга хэмжээ, Украиныг НАТО-д элсүүлэх зэрэг асуудал байв.
Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, Ерөнхийлөгч нарын яриа гол асуудлаас буюу Ж.Байден, В.Путин нарын цахим уулзалтын талаар эхэлсэн байна. Америкийн удирдагч "цахим уулзалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн” гэж  В.Зеленский хэлэлцээний дараа мэдэгджээ.
 
 
 
Донбассын асуудлыг тайван замаар зохицуулах АНУ-ын оролцоо
 
Украины Ерөнхийлөгч "Ж.Байдентай Донбассын асуудлыг зохицуулахад АНУ-ыг оролцуулах талаар ярилцжээ”. Түүний тамгын газрын дарга Андрей Ермакийн хэлснээр, ярианаас үзэхэд "АНУ энэ үйл явцад идэвхтэй оролцохоор шийдсэн" гэж дүгнэж болно. "Хэрхэн оролцох нь олон нөхцөл байдлаас шалтгаална. Нормандын форматтай зэрэгцүүлэх хэлбэрээр байж магадгүй" гэж тэрбээр "1+1" телевизийн "Эрх мэдэлд хүрэх эрх" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.
Үүний зэрэгцээ А.Ермакийн онцлон тэмдэглэснээр, "Холбоо тогтоох бүлэг"-ийн хүрээнд хийсэн хэлэлцээнүүдийн агуулга болон гал зогсоох дэглэмийг дахин хэрэгжүүлэх, шалган нэвтрүүлэх цэгүүдийг нээх, олзны цэргүүдийг солилцох Украины санаачилгын талаар АНУ-д дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Украины Ерөнхийлөгч утсаар ярих үеэрээ мөн Герман, Францын удирдагч нарын асуудлыг зохицуулах үйл явцад үзүүлсэн туслалцааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, ирэх долоо хоногт Брюссель хотноо Германы шинэ Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай уулзаж, "Нормандын дөрвөл”-ийн (Герман, Орос, Украин, Франц) удирдагч нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцэх хүсэлтай байгаагаа мэдэгдсэн байна.
 
 
 
Аюулгүй байдалтай холбоотой асуудал
 
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын мэдээлснээр, тус улсын эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд ОХУ-д хатуу хориг арга хэмжээ авна гэдгийг Ерөнхийлөгч Ж.Байден В.Зеленскийд баталжээ. "Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд маш илэн далангүй хэлж, хэрэв Кремль Украины хилийн дагуу хурцадмал байдал үүсгэх шийдвэр гаргаж, Украины нутаг дэвсгэрт халдахаар шийдвэл ямар үр дагавар гарахыг анхааруулсан” гэж А.Ермак хэлсэн байна.
Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Оросын түрэмгийллийг тогтоон барихад Украинд туслахаа амласан бөгөөд "туслалцаа хэдийнэ үзүүлж эхэлжээ”. "Украины талаарх аливаа хэлэлцээ, аливаа шийдвэр нь Украингүйгээр байж болохгүй гэж Байден хэлсэн бөгөөд АНУ Украинд шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ гэдгийг нотолсон" гэж тэрбээр хэлсэн байна.
 
 
 
НАТО-д гишүүнээр элсэх тухайд
 
Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх эсэх нь зөвхөн Киев болон тус эвсэлд хамаарах сэдэв гэж Ж.Байден мэдэгджээ. "Ерөнхийлөгч Байден эвсэлд гишүүнээр элсэхтэй холбоотой аливаа шийдвэр зөвхөн Украинаас шалтгаална гэж маш тодорхой хэлсэн. Зөвхөн Украин энэ асуудлыг шийдэх ёстой, мэдээж эвслийн гишүүд ч бас" гэж А.Ермак хэлжээ.
 
 
 
"Халуун дулаан уур амьсгал”-д болсон хэлэлцээ
 
Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлэхдээ, ерөнхийдөө хэлэлцээ маш их ач холбогдолтой, үр бүтээлтэй, "халуун дулаан уур амьсгал"-д болсон гэжээ. "АНУ, Украины ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээ маш илэн далангүй, энгийн уур амьсгалд болдог нь аль хэдийн уламжлал болон тогтсон” гэж тэрбээр хэлсэн байна. "Эцэст нь Байден Зеленскийд Ноён Ерөнхийлөгч танд боломж байгаа гэдэгт итгэлтэй байна, мөн та тус улсад өмнө нь хэн ч хийж байгаагүй зүйлийг хийнэ гэдэгт би итгэж байна. Би танай улстай онцгой харилцаатай учраас маш их хайртай, маш их хүндэлдэг, амжилтад нь маш их итгэдэг хэмээх чухал үгсийг хэлсэн” гэж А.Ермак онцлон тэмдэглэжээ.
Украин, АНУ олон салбарт урьд өмнө байгаагүй нягт хамтран ажиллаж байна гэж Зеленскийгийн тамгын газрын дарга мөн хэллээ. Талууд мөн Украинд шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл явцыг хэлэлцсэн байна. Үүнээс гадна, Украины Ерөнхийлөгч "Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн асуудлыг хөнджээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler