| |
Видео
Шинэ мэдээ
АНУ Украинтай кибер аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
АНУ Украинтай кибер аюулгүй байдлын салбар болон тагнуулын мэдээлэл солилцох чиглэлээр, мөн Хар тэнгис дэх цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж лхагва гарагт баталсан хоёр талын "стратегийн түншлэлийн тухай” хамтарсан тунхаг бичигт дурджээ.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын Вашингтонд хийсэн уулзалтын дараа баталж, нийтэлсэн баримт бичгээс үзвэл, хоёр улс Украины ард түмний "эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг" хангахын тулд тус улсыг "Европ, Европ-Атлантын байгууллагуудад бүрэн интеграцчилахын" төлөө хамтран ажиллахаар болсон байна.
Түүнчлэн АНУ "Украины эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад тууштай байх” баталгааг өгсөн байна. "Эрчим хүчнээс хараат бус болох, "цэвэр” эдийн засагт шилжих, эрчим хүчний салбарт төрийн зохицуулалтыг халах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, Европын эрчим хүчний сүлжээнд нэгдэх, цөмийн салбарыг шинэчлэх, мөн эрчим хүчний эх үүсвэрийг Кремль геополитикийн зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн Украины хүчин чармайлтыг Вашингтон дэмжихээр төлөвлөж байна” гэж тунхаг бичигт тэмдэглэжээ.
Үүнээс гадна, "батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хийгдэж буй шинэчлэлийг үргэлжлүүлэхэд Украинд дэмжлэг үзүүлэх", зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, цэргийн сургуулилалт зохион байгуулах АНУ үүрэг амлалт хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг