| |
Хятадын тал “Чингис Хаан” нэрийг ашиглахгүй байхыг ШААРДЖЭЭ
Францын Бретань мужийн Нант хотод төлөвлөж байсан Чингис хааны үзэсгэлэнгийн сурталчилгаанд "Чингис хаан”, "Монгол”, "Эзэнт гүрэн” гэх гурван нэршлийг ашиглахгүй байхыг Хятадын тал шаарджээ.
Бретанийн түүхийн хүрээлэнгээс зохион байгуулж ирсэн уг үзэсгэлэн энэ жил "Монголын их хаан Чингис хаан” нэртэйгээр гарах гэж байсан юм.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөж байсан үзэсгэлэнг хойшлуулжээ.
"Бид өөрсдийнхөө байр суурийг хамгаалах, түүхэн нөхцөл байдлыг бодитоор харуулахыг хүссэн учраас үзэсгэлэнгээ гурван жилийн хугацаагаар хойшлууллаа” гэж Бретанийн түүхийн музейн захирал Бертран Гуллье ярьжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагчдын хэлж байгаагаар үзэсгэлэнгийн тараах материал, таниулах нэвтрүүлэг зэрэгт дээр дурдсан гурван үгийг ашиглахгүй байхыг анхааруулсан байна. Үзэсгэлэнг Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын угсаатны зүйн музейтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байсан аж. Улмаар үзэсгэлэнд дэлгэх үзмэрүүдийг Хөх хотын музейгээс авчрахаар төлөвлөж байсан ч ийнхүү тодорхой хугацаагаар хойшлуулжээ.
Хятадын засаг захиргаанаас Өвөр Монголд баримталж буй хэлний бодлого, түүнээс үүдсэн тэмцэлтэй холбоотойгоор хэтэрхий нэг талыг барьсан нэр, нэршил ашиглахгүй байхыг хүссэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Бретанийн түүхийн музейн захиргаанаас үүнийг "цензур” гэж онцлоод, үүсээд буй асуудлыг лавшруулна гэж мэдэгджээ.
Францад зохион байгуулах байсан үзэсгэлэнгийн асуудлаар Парис дахь Хятадын консулын газраас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.