|
Видео

Шинэ мэдээ

Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

Хуульчдын холбооноос асууя: Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу?!

 


Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2020 оны есдүгээр 7-нд тушаал гаргаж, 40 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Учир нь энэ 40 хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Монголын хуульчдын холбооны дүрэмд зааснаар гишүүний татвараа гурав ба түүнээс дээш сараар төлөөгүй юм байна.

Тиймээс татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох, хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос шат дараатайгаар зохион байгуулахаар болсноо Монголын хуульчдын холбоо албан ёсны цахим хуудсаар дамжуулан анхааруулжээ.
Монголын хуульчдын холбоо гэнэтхэн татвараа нэхэж, өгөлгүй удсан хуульчдынхаа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нь цаанаа учиртай ажээ. Учир юу хэмээвээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа юм.
Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Шүүхийн багц хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Монголын хуульчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоожээ. Иймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг мөн өөрчлөх шаардлага бий болсон гэсэн үг.
УИХ-д өргөн барьсан шинэчилсэн найруулгын төслийн 37.4-т "...Хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч гишүүдээс гишүүнчлэлийн хураамж авахгүй. Бусад хуульчийн төлөх гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно” гэсэн заалт орж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хуульчдын холбооны санхүү, мөнгөний гол нөөц нь гишүүнчлэлийн хураамж буюу татвар байдаг байна. Татварын орлого болох тэрбум орчим төгрөг Хуульчдын холбооны дансанд байнга байдаг.
Хуульчдын холбоо нь нийт 5000 гаруй гишүүнтэй. Сар бүр 20 мянган төгрөгийн татвар авдаг. Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж буй хүн бүр хураамж гэж 150 мянган төгрөгийг тус холбооны дансанд тушаадаг.
Ингээд бодохоор Хуульчдын холбооны дансанд багагүй мөнгө эргэдэг болж таараад байгаа юм. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталчихвал шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчаас татвар авч чадахаа болино.
Тэгэхээр Хуульчдын холбоо уг хуулиас өмнө гишүүддээ дүрэм сануулан арга хэмжээ ав, татвараа цуглуулж эхлэв бололтой. Зарчмын хувьд энэ нь тийм зохимжтой арга хэмжээ бус. Хуульчдын холбоо дүрмийнхээ дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах эрхтэй.
Гэхдээ "...Татвар төлөөгүй” гэсэн шалтгаанаар 30, 40-өөр нь эрхгүй болгож буй нь Хуульчдын холбоо хуульчдынхаа мэргэжлийн үйл ажиллагааг мөнгө буюу татвараас доогуур үзэж байна гэж ойлгогдож байгаа юм.
Ер нь бол "...Хуульчийн шалгуур нь мөнгө үү, мэргэжлийн үйл ажиллагаа юу” гэж Хуульчдын холбооноос асуух хэрэгтэй болж байна.Төрийн бус байгууллагын гишүүд бол сайн дурын шинжтэй эвлэлддэг. Харин Хуульчдын холбоо нь төрийн бус байгууллага атлаа заавал тус холбоонд "ёслохгүй” бол ингэж мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөөр нь хүртэл оролддог хууль ёсны гэхэд хэцүү сүлжээ хийчихсэн.
Хамгийн ойлгомжгүй нь шүүхийн танхимд, хуулийн дагуу бие биеийнхээ эсрэг гурван талд зогсох учиртай шүүгч, прокурор, өмгөөлөгч гурав Хуульчдын холбоо гэсэн малгай дор очоод нэгдчихсэн. Зарим улсад уулзахыг нь ч хориглодог ийм гурван хуульч Монголд болохоор Хуульчдын холбооны гишүүн гэгдэж хүчээр нэгдчихсэн байдаг. Эндээс юу "ургах” нь тодорхой. Нэгэнт ойр дотно болчихсон нөхдүүд ямар ч сэжмээр найзалж, аливаа хэрэг маргаан дээр нэг байр суурьтай оролцох магадлалыг өндөрсгөнө гэсэн үг.
Энэ мэтийн олон зөрчил, хийдэлтэй Хуульчдын холбоо, түүний үйл ажиллагааг дахин нэг эргэн харж, хууль дүрмийг нь "хуулийн дагуу” болгоход оройтоогүй байна.
 
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.