|
Видео

Шинэ мэдээ

"Хэрэв Майк Тайсон гэх нөхөртэй яг одоо рингэд гарах юм бол ямар ч байсан би болгож тавина"

"Хэрэв Майк Тайсон гэх нөхөртэй яг одоо рингэд гарах юм бол ямар ч байсан би болгож тавина"

 

Ирэх есдүгээр сард рингнээ дахин гарах магадлалтай болсон Майк Тайсоны хоёр жилийн өмнө өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Тэрбээр энэ ярилцлагаас хойш хэвлэлд ямар нэгэн ярилцлага өгөөгүй юм. Ирэх есдүгээр сард мэргэжлийн боксын албан ёсны тулаан бус зөвхөн замналд нь орж тооцогдох тулааныг Рой Жонестой хийх боломж бүрдээд байгаа билээ. Хоёр тулаанч хоёул 50 нас аль хэдий нь гарсан ч төлбөртэй сувгаар дамжуулахад нийт үзэгчдийн 75 хувь нь үзнэ гэдгээ илэрхийлээд байна.


-Сайн байна уу ноён Тайсон. Таны хамгийн их харамсдаг зүйл юу вэ гэдгээс яриагаа эхлэе?

-Сайн. Эхний асуулт гэхэд шууд дэлсээд авч байна шүү. Би нэг их харамсаад байдаг хүн биш. Гэхдээ өөрчилж болох байсан зүйлс цөөн хэд байсан юм байна. Гэхдээ олон биш. Одоо ч гэсэн амьдралаа өөрчилж болох, миний чадах зүйл байвал бүхнээ шавхаад хийхэд бэлэн байна.

-Замналынхаа туршид хамгийн агуу бас хамгийн зовлонтой үеэ дурс гэвэл ямар цаг үеэ эргэн дурсах вэ?

-Жаахан сонин сонсогдох байх л даа. Замналынхаа оргил үеийг би хэзээ ч олж харж байгаагүй юм байна. Учир юу гэвэл замналаа би өөрөө бүтээсэн болохоор яг нэг цэгийг оргил цэг гэж тодотгоод түүнийгээ олж харахад төвөгтэй болчихож байгаа юм. Магадгүй миний тулааныг шимтэн үздэг байсан хүмүүс дуу нэгтэй Спинкстэй хийсэн тулаан гэж ярьж мэднэ. Гэхдээ энэ ч бас яг оргил цэг гэж оноож нэрлэхэд хэцүү. Ердөө л 91 секундын тулаан шүү дээ. Энэ хугацаанд намайг хэн гэдгийг, замналаа оргил гэж тодорхойлоход хэцүү юм. Мэдэхгүй юм даа.

-Өрсөлдөгчөө хэрхэн хардаг байсан бэ?

-Юу гээч би өөрийнхөө өрсөлдөгчийг яг л Ромын эзэнт гүрнийг галдан шатаахаар ирсэн зэрлэг балмад дайчин гэж хардаг байсан. Би өөрийгөө Ромын дайчин мэт төсөөлдөг байлаа. Ингээд бодоод байхад төсөөлөл маань намайг тулаанд чиглүүлдэг, ялах урам нэмдэг байсан юм уу даа.

-Гэвч нэг л өдөр энэ бодол сарнин алга болсон биз?

-Яг тийм.

-Та одоог хүртэл боксын спортдоо хайртай юу?

-Сэтгэл эмзэглэж байна. Хайртай байлгүй яахав. Гэлээ гэхдээ бүх зүйл хэмжээтэй. Хэмжээндээ тулсан бол хүсээд ч дэмий байдаг юм. Та төсөөлдөө хайртай хүн чинь дэргэд чинь байгаад байдаг гэхдээ ямар нэг шалтгаанаас болоод чи ойртож чадахгүй. Зөвхөн дотроо бодож явна гээд. Үүнтэй л ижил.

-Хэмжээндээ тулсан гэж үү, боксын спортод таны орон зай одоо байхгүй гэж үү?

-Магадгүй энэ зөвхөн миний төсөөлөл байх. Нэгэн цагт сэтгэл хөдөлгөж байсан бол одоо тэр сэтгэл хөдлөл яг тухайн цаг үеийнх шиг биш. Би өөрөөсөө холдож байж энэ спорттой замаа холбосон. Үүнийхээ төлөөсийг ч төлсөн байх гэж боддог.

-Рингэд гарах тэр сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжээ одоо санадаггүй гэж үү?

-Үгүй. Яагаад гээч учир нь рингэд гарахдаа сэтгэл хөдлөөд л, догдлоод байдаггүй байсан. Учир нь бүх хүнийг ялж чадна гэж бодож байсан юм. Өөрийгөө ялагдашгүй мэт санадаг байлаа. Гудамжинд гараад хүссэн зүйлээ нэг дохилтоор хийж чадна гэж боддог байв. Би ч тухайн үедээ залуу байж. Бусад хүмүүс шиг догдлоод л, адреналин ялгараад л тийм зүйл ердөө байгаагүй.

-Дээх нь үед. Бүр тодруулбал таныг тулалдаж байхад хүнд жингийнхэн олны анхааралд өртдөг байлаа. Гэтэл одоо тийм биш болж. Яагаад олон нийт дургүй болчихов?

-Учир нь дүр алга. Дүр гэдэг маань баатар. Олны анхаарлыг татах баатар алга. Энэ бол зугаа цэнгээн. Хүмүүс таашаал авах, цэнгэлдэхийн тулд мөнгө төлж байгаа. Хэн нэгэн чадваргүй, чанаргүй тулаанч байгаад байвал хэн тоож үзэх вэ дээ. Тулаанч хүн зөвхөн хэн нэгэнтэй тулалдаад өнгөрдөг зүйл биш. Олон нийттэй тулалддаг юм. Тиймийн тулд хүн байх шаардлагатай.

-Та холимог тулааныг юу гэж хардаг вэ?

-Энэ бол зүгээр л хог новш. Гудамжны ноход ч ингэж тулалддаггүй юм. Аливаа спортод мөн чанар байх ёстой. Холимог тулаан бол мөн чанаргүй зүйл. Мөн чанаргүй зүйлд амин сүнс байдаггүй. Холимог тулаанч нөхдийг хараарай гардан тулаанд ялалт байгуулчхаад онгирч байгаа өсвөр насны жаал шиг харагддаг. Нэгэн цагт надад энэ спортын дасгалжуулагч ч юм уу, хамтран ажиллаж зөвлөх үү гэж байлаа. Би үгүй гэж хэлсэн. Яах юм бэ, мөн чанаргүй зүйлд цагаа үрээд хэрэггүй.

-Тэр үед та санхүүгийн бэрхшээлд байсан ч гэсэн үү?

-Юу бодож энэ асуултыг асууж байгааг чинь мэдэхгүй юм. Мөнгөөр хэмжиж болох, хэмжиж болохгүй зүйл гэж бий. Үүнийг дэлгэрүүлээд тайлбарлах сонирхол надад алга.

-Өөрийнхөө тулааныг үзэх ямар байдаг вэ?

-Үзэн яддаг. Ихэнхдээ нокаутад оруулсан тулаан байсан ч гэсэн үзэн яддаг. Учир нь би өөрийнхөө гаргаж байгаа алдааг өөрөө харж байгаа шүү дээ. "Бурхан минь...Гараа буулгалаа, толгойгоо хөдөлгөсөнгүй...Чөтгөр ав” гээд л үздэг. Тулааныхаа бичлэгийг үзэж суухдаа үргэлж л ямар нэгэн зүйл ярьж байдаг юм. Тэгээд юу гэж боддог гээч, "энэ Майк Тайсон гэж нөхөртэй тулалдах юм бол түүнийг нүдээд өгч чадах юм байна” гэж боддог юм. Өөрийгөө хараад өөрийгөө сайн дэлсээд авч чадах юм байна гэж боддог шүү.

-Олон нийт таныг төсөөлдгөөс маш ондоо юм, таны хувь хүн угаасаа ийм үү?

-(Удаан бодов). Мэдэхгүй юм. Тэдний юу гэж бодох нь надад хамаагүй шүү дээ.

-Гэтэл хүмүүс таныг баатар гэж хараад байдаг. Яагаад ингэж хардаг юм бол гэж бодож байв уу?

-Мэдэхгүй юм. Би ердөө л амьдарч яваа эр хүн. Магадгүй амьдрахыг хичээж байж ч болох юм. Хэрэв тэд яг намайг мөн чанараар нь таниад ирэхийн цагт хэд нь бодлоо өөрчлөх бол. Магадгүй тэдний бодсон шиг баатар нь би биш ч байх юм билүү. Та ойлгож байна уу. Би унаж, босдог, гутарч, гуньдаг бусдын л адил хүн. Хүмүүс ингэж харж байгаа, би ийм байя гэж огт боддоггүй. Би өөрөөсөө урваж болохгүй шүү дээ. Би бусад шиг учраас л та надтай өнөөдөр ярилцаж байгаа байх.

-Та тулалдааныхаа дараа "Би бол рингний хаан” гэж хэлж явлаа. Тэр үед та өөрийгөө дарж олон нийтийн өмнө жүжигчин шиг байсан гэдэгтэй санал нийлэх үү?

-Учир нь юу гээч мэргэжлийн боксын тулаан зарим талаараа ийм байхыг шаарддаг юм. Учир нь та энэ спортын нэгээхэн хэсэг шүү дээ. Та энэ спортын нэгэн эд эс. Киногоор зүйрлэвэл та жүжигчин юм. Зарим цагт журамт тулаанч, зарим цагт алуурчин мэт авирлахыг танаас шаардана. Хэрэв энэ зарчмыг мэдрэхгүй бол чадвартай байгаад ч нэмэргүй.

-Ядуу, тарчиг байх ямар вэ?

-Чөтгөр ав гэж, юугаа яриад байна аа...

-Таны амьдралд нэг тийм долгионтой үе байсан шүү дээ. Тэр үед та бууж өгөх тухай бодож байв уу?

-Ёстой үгүй шүү. Би бууж өгөх тухай огтхон ч бодож үзээгүй юм байна. Одоо байгаагаасаа илүү дээшээгээ тэмүүлнэ л гэж зоригжуулдаг байлаа. Тиймийн тулд би өөрийгөө дайчилж байсан. Илүү ихийг хийж, өөрийгөө илүү дайчилж байж одоо байгаагаасаа илүү болно. Ер нь хүн хэзээ нэгэн цагт бүр мөсөн бууж өгдөг ганц л зүйл байдаг. Тэр нь үхэл.

-Донни Йентэй хамт "Ип багш” кинонд яагаад тоглох болсон юм бэ?

-Хүн өөрийгөө өдөр бүр сорьж байх ёстой. Донни Йенийн төлөөлөгч надтай эхлээд холбогдоход би тийм ч дуртай байгаагүй. Намайг дэмжигчдийн нэлээд хэсэг нь азиуд байсан ч би дуртай байгаагүй. Гэхдээ хамгийн сүүлд өөрийгөө сориод авъя л гэж бодсон юм. Бууж өгөх тухай бодох сөхөөгүй амьдралын хүнд үед "Шарталт” кинонд тоглож нэр нүүрээ балласаны дараа "Ип багш” бол өөрийгөө яг хэвээрээ байгаа шүү гэдгээ харуулах нэг том боломж гэж харсан байж болох юм.

-Уурлаж бухимдсан үед тань хэн нэгэн таныг зогсоох гэж оролддог уу?

-Зөвхөн би л өөрийгөө хянаж, зогсоож чадна.

-Та яагаад нүүрэндээ маори омгийн шивээс хийлгэсэн юм бэ? Та маори омгийнхонтой ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Нарийн ширийн утга, учир байхгүй ээ. Маори омогтой ч холбоо байхгүй. Хэн нэгэн надаас өөр шиг чинь ингэж асууж ч байсангүй. Би энэ шивээсийг каталогоос харсан юм. Надад үнэхээр таалагдсан. Зүгээр л үзэж туулсан зүйлс минь нүдэнд харагдах шиг болсон учраас нүүрэндээ шивүүлэхийг хүссэн дээ.

-Өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ? Ямар нэгэн төлөвлөсөн зүйл байна уу, боксын спорттой ямар нэгэн байдлаар холбогдох уу?

-Үгүй. Би боксын спорттой үлдсэн замналаа холбохыг хүсэхгүй байна. Энэ спортын ачаар олон зүйлийг үзлээ одоо хангалттай. Харин би сүүлийн үед аялах дуртай болсон. Аялах үнэхээр сайхан байдаг. Дэлхий, ертөнцийг нүдээрээ үзэх чинь гоё шүү дээ.

-Олон нийтийн дэндүү сайн мэддэг хүн дэлхийгээр аялах ямар байдаг вэ, магадгүй зарим хүмүүсээс илүүгээр аялалын амтыг нэмэх байх...?

-За даа хэлж мэдэхгүй юм даа. Ирсэн гийчин буцах нь жам шүү дээ. Бусдын адил очсон тэгээд л гэрийнхээ зүг хүлгийн жолоо залдаг.

-Магадгүй "Шарталт” танд нөлөөлсөн байх...?

-Тэр кино юу, боль доо. Тэр бол өнгөрсөнд үлдсэн зүйл. Тэр ч нөлөөлнө гэж юу байхав. Амьдралын уналт тохиолдсон тэр хүнд үед аялах, явах нь л сэтгэлийн тайтгарал байлаа. Таньж мэдэхгүй газар оронд очих, өмнө нь уулзаж байгаагүй хэн нэгэнтэй уулзахад нэг тийм өөр мэдрэмж авдаг юм.

-Боксын спорттой холбогдохгүй юм байж. Өөр бусад спорттой холбогдох уу?

-Бараг л үгүй байх. Спортын ертөнцтэй үлдсэн амьдралаа холбох хүсэл алга. Би бага залуу байхдаа энэ спортод орсон. Магадгүй зарим хүний хүрч байгаагүй оргилд хүрээд үзсэн, алдаж ч бас онож ч үзсэн. Хэрэв би спорттой ямар нэгэн байдлаар холбогдох бол NBA-ын финал ч юм уу, Үндэсний хөлбөмбөгийн лигийн шувтаргын тоглолт үзээд л сууж байна байх. Гэхдээ би зарим хүмүүс шиг бүтэн улирлын туршид шимтэн үзээд байдаггүй. Шигшээ, шувтаргын тоглолтод хүрсэн хоёр баг чин сэтгэлээсээ "тулалддаг” юм.

 -Та сошиал орчинд тийм ч идэвхтэй биш харагддаг?

-Ер нь бол идэвхтэй биш байсан. Харин найзууд, эргэн тойрны хүмүүс сошиал орчинд өөрийн гэсэн хаягтай болохыг зөвлөсөн юм. Одоо л идэвхтэй байх гэж хичээж байна. Сошиал орчин учрыг нь олоход тийм ч амар эд биш юм байна. Гэхдээ нэг зүйлийг хараад харамсдаг. Үнэхээр олон нийт аливаа нэг зүйлийг хүлээж авч байгаа нь тийм араатанлаг шинжтэй болчхож. Хэн нэгнийг гутаан доромжилж байж кайф авна. Нөгөө талд сошиал орчинд хиймлээр амьдрах хүсэлтэй залуус ч их болсон юм уу даа. Би ид үедээ рингэн дээр жүжиглэдэг байсан бол одоо үед хүмүүс цахим орчинд нэг өөр дүр эсгэдэг болж. Компьютерийн араас хэн нэгэнд сургаал айлдаад хэн нэгнийг доромжилж байгаа хүмүүс ухамсрын шанаа гэдэг зүйл мэдрэлгүй өссөн юм уу даа. Үнэхээр шанаа өгчихмөөр хүмүүс сошиал орчинд их бий шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.