| |
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түүхийг өөрчлөн түрүүллээ
Зүүний 17 дахь маэгашира Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн сүүлчийн өдөр сэкивакэ Митакэүмиг бяраар ааглан ялж 13-2 амжилтаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хоёрдахь удаагаа түрүүллээ.
Удахгүй 29 нас хүрэх тэрбээр цагтаа сүмогийн дээд хэсэгт заларч, ёкозүна цолны болзол сонсож явсан нэгэн. Хэрвээ сүүлчийн өдөр Тэрүнофүжи ялагдсан бол 12-3 амжилттай гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан явагдаж магадгүй байсан.
Гэвч тийм зүйл болсонгүй. Тэрбээр хоёр өвдөгний гэмтэл, бас бус өвчний учир 2018 оны эхэнд дээд зиндаанаас уруудсаар бүр жониданд (сүмогийн зургаан зиндааны тавдахь нь) унасан билээ. Сүмогийн түүхэнд озэки цолтон жониданд буусан түүх огт үгүй, буучихаад эргээд дээд зиндаанд гарсан нь бүр ч дуулдаагүй. Гэмтэл бэртлээ бүрэн эдгээж амжаагүй ч яван чангарсаар сүмогийн дээд өрсөлдөөнд эргэн ирж, хамгийн эрхэм цомын эзэн болсон Г.Ган-Эрдэнэд баяр хүргэе.
Ийнхүү Монголын сүмочид Японы үндэсний спорт сүмод 88 дахь түрүүгээ хүртэв. Долдугаар сарын тэмцээнийг тэргүүлж явсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал (10-3-2)12 дахь өдөр гэмтэж, барилдаанаас гарсан байна.
М.Бүүвэй