| |
ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад НЭГ САЯ төгрөгийн урамшуулал олгоно
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өчигдөр ХӨСҮТ-д ажиллав. Тэрээр цар тахлын халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт зэргээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг. 200 орчим эмч, сувилагч, үйлчлэгч, үүнээс 100 орчим нь ээлжээр ажиллаж байгаа тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулав.
Шадар сайд Ө.Энхтүвшин "Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно” гэж мэдэгджээ.
ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг юм.