| |
Италид нэг өдрийн дотор 1797 тохиолдол шинээр бүртгэгдэж, хөл хорио тогтоолоо
Итали улсад уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдварын 1 797 тохиолдол шинээр илэрч, нийт 9 172-т хүрлээ. Улмаар 97 хүн барж, 463-д хүрсэн бол нийт 724 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Тус улсын Сайд нарын зөвлөлийн дарга Жузеппе Конте коронавирусийн дэгдэлттэй тэмцэх зорилгоор олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолд гарын үсэг зурсан байна. Уг тогтооолд, ажлын юм уу гэр бүлийн шалтгаанаар, түүнчлэн эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлагатай тохиолдлоос бусад үед хөдөлгөөнд хориг тавьж байгаа аж. Үүнээс гадна спортын бүх уралдаан тэмцээн, тэр дундаа хөлбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зогсоожээ.
Өмнө нь зөвхөн Ломбард, Венето, Эмилия-Романья, Пьемонт, Марке мужуудад хөл хорио тогтоогоод байсан бол одоо энэ арга хэмжээг орон даяар хэрэгжүүлж байна. Түүнчлэн музей, театр, кинотеатр зэрэг бүх үзвэр үйлчилгээг хааж, сургалт сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын 3-ныг хүртэл хаах аж.
Эх сурвалж: Global News
Х.Дэлгэрэ