Хүн дүрст араатнуудаас охидоо хаана нуух вэ. Ингэж л халаглаж, хашгирмаар нийгэмд амьдарч байна. Харамсалтай нь төр, засаг нь ч төрсөн эцэг эх нь ч цэцэг шиг охидоо нууж чадсангүй. Нуух аргаа ч олоогүй явна. Гэтэл хамгийн эмзэглэмээр нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь санаатайгаар хөнөөсөн жигшүүрт үйлдлийн эзэд, хэрэг үйлдэгдсэн газар нь төрсөн гэр, хамаатан садан хамгийн ойрын хүрээллийнхэн дунд бий. Ийм харамсалтай боловч ноцтой баримт, үндэслэл шалтгааныг гаргаж ирсэн судалгааг Монголд анх удаа хийжээ.
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн профессор, багш нар Нээлттэй нийгэм форумтай хамтран бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэргийн шалтгааныг судалсан ноцтой дүгнэлтийг нийтэд дэлгэхэд бэлэн болоод байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд "Бага насны хүүхэд” гэдгийг 14 насанд хүрээгүй хүнийг гэж ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх насны болон бага, дунд ангийн сурагчид гэж хэлж болно. Судлаачид ялын бодлогод дүн шинжилгээ хийх зорилгоор бага насны хүүхдийг алсан 40, бага насны хүүхдийг хүчиндсэн 68, нийт 108 шүүхийн шийтгэх тогтоолыг түүвэрлэн судалжээ. Судалгааны үр дүнгээс харвал бага насны хүүхдийг хүчирхийлэх, алах гэмт хэрэг зөвхөн ураг төрлийн орчинд үйлдэгддэг нь тодорхой байна. Ганцхан ноцтой жишээ дурдахад бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг эхийн найзын гэрт халдлагад өртжээ.
Эндээс харвал 14 хүртэлх насны хүүхдийн 70 хувь нь хүүхдийг санаатай алах гэмт хэргийн 67.5 хувь нь төрсөн гэр, хамаатан садныд нь үйлдэгдсэн байна. Гэвч энэ тоо хүчирхийллийн бодит байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. Учир нь ураг төрлийнхөө хүрээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусдад мэдэгдсэн тохиолдол маш бага 23.5 хувьтай. Жирэмсэн, эсвэл бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, үйлдэл дээрээ баригдсанаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байгаа юм. Удаан хугацаанд нуун далдалсан шалтгаан нь 40.4 дарамтад өртсөн, 20.3 хувь хууртагдсан, 17 хувь гэр бүлийн гишүүдээсээ санаа зовсон, 19.1 хувь нь бэлгийн харьцааны учир холбогдлыг ойлгоогүй гэжээ. Хохирогчдын хамгийн бага нь нэг настай хүүхэд байна. Харин үүний шалтгаан, үндэс нь гэр бүлтэй холбоотой. Гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдэд тавих хараа хяналт сул байдал, нийтийн сүлжээний хяналтгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа нь бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж байгааг судлаачид хэлж байв.
Цагдаагийн байгууллагын өнгөрсөн оны тоон мэдээллээс үзэхэд гэмт хэргийн улмаас 111 хүүхэд нас барсан. Хүүхдийг ивээх сангийн судалгаагаар 2018 онд Монгол Улс 100 мянган хүн амд 1.4 хүүхдийн амь нас хохирсон үзүүлэлтээр 176 орноос 76-д оржээ. Гэтэл энэ судалгаагаар гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирч буй нөхцөл байдалд үндэслэн тухайн улс дахь хүүхдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлдог.
Тоо баримт дурдвал 2015 онд долоо, 2016 онд нэг, 2017 онд найм, 2018 онд гурван бага насны хүүхэд нас баржээ. Хүчиндэх гэмт хэргийн хувьд 2015 онд 54, 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111 бага насны хүүхэд буюу 14 насанд хүрээгүй хүүхэд хохирсон байна.
Энэ талаар албаны хүн юу хэлнийг хүргэе.
Б.Энхболд: Хүчирхийллийн шалтгаан нь гэр бүл төлөвлөлт
Бага насны хүүхдийг хүчирхийлэх, алах гэмт хэргийн судалгааны багийн гишүүн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Энхболдтой ярилцлаа.
-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн шалтгааныг анх удаа судалсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр болох бага насны хүүхдийг санаатай алах тохиолдлыг анх удаа хүчиндэх гэмт хэрэгтэй хамтатган судалснаараа онцлогтой. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, ногдуулсан ялын бодлого, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхэд дүн шинжилгээ хийсэн. 14 насанд хүрээгүй хүүхдийг алах болон хүчиндэж байгаа нь ёс суртахууны доройтол, нийгмийн хөгжлийн түвшингийн үзүүлэлт гэж үзэж болно. Өндөр хөгжилтэй улс орнуудад 14 насанд хүрээгүй хүүхдийг алах гэмт хэрэг бүртгэгддэггүй. Харин манай улсад тогтмол бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг алах гэмт хэргээс харьцангуй их бүртгэгдэж байна. Тухайлбал, 2018 онд бага насны гурван хүүхэд алах гэмт хэргийн золиос болсон. Харин хүчингийн хэргээр 14 насанд хүрээгүй 111 хүүхэд хохирсон байна.
Энэ бол маш өндөр тоо. Бие бялдрын хөгжил сул, өөрийгөө хамгаалах чадваргүй сургуулийн өмнөх насны болон бага, дунд ангийн сурагчдыг мэднэ. Гэтэл энэ жаахан үрс олноороо хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаад сэтгэл эмзэглэж байна.
-Нэмэгдэж байгаа нь ялын бодлого сул байгаатай холбоотой юу?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийг 2002 онтой харьцуулахад 2015 оны Эрүүгийн хуульд хугацаатай хорих ялын хэмжээ багассантай холбоотойгоор бага насны хүүхдийг хүчиндсэн тохиолдолд ногдуулах хорих ялын доод хэмжээ гурван жилээр, дээд хэмжээ таван жилээр багасч, цаазаар авах ялыг халж оронд нь бүх насаар хорих ялыг хуульчилсан байна. Эндээс үзэхэд ялын бодлого суларсан гэж дүгнэж болно. Гэхдээ ялын бодлого суларсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөхөд шууд нөлөөлсөн гэж үзэхэд учир дутагдалтай. Гэвч хууль тогтоогч ямар үйлдлийг хүчиндэх гэмт хэрэг гэж үзэхээс тоо баримт их шалтгаалдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцсноор хүчиндэх гэмт хэргийн улсын хэмжээний тоо баримт огцом өссөн гэж хэлж болно.
Шүүхээс таслан шийдвэрлэсэн хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогыг өмнөх Эрүүгийн хуультай харьцуулахад нэг удаагийн үйлдэлд ногдуулсан хорих ялын бодлого 4.7 жилээр суларсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн хэргийнх 1.5 жилээр чангарсан. Удаа дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хэргийнх 3.7 жилээр суларч, бүх насаар хорих ял ногдуулаагүй. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндсэн хүнд ногдуулсан хорих ялын бодлого 6.3 жилээр, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ногдуулсан хорих ялын бодлого 4.4 жилээр чангарсан байна. Нийт ногдуулсан ялын бодлогыг авч үзвэл хорих ялын бодлого 0.7 жилээр чангарсан, цаазаар авах ялын оронд хэрэглэхээр хуульчилсан бүх насаар хорих ялыг хэрэглээгүй байна. Харин бага насны хүүхдийг алах гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулиар дунджаар 22.2 жилийн хугацаагаар хорих эсвэл цаазаар авах ял ногдуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар 14.2 жилийн хорих ял ногдуулсан нь өмнөх хуультай харьцуулахад ялын бодлого 7.9 жилээр зөөлөрсөн байна.
-Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн үндсэн шалтгаан нь юу байна вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд ялангуяа, хохирогч өөрийн амьдардаг гэртээ болон төрөл садангийнд үйлдэгдэж байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгааг илтгэж байна. Тухайлбал, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 38.2 хувь, хүүхдийг алах гэмт хэргийн 40 хувь нь хүүхэд өөрийн амьдардаг гэртээ халдлагад өртсөн бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн 30.9 хувь, бага насны хүүхдийг алах гэмт хэргийн 27.5 хувь нь хамаатан садан, эцэг эхийн найзын гэрт халдлагад өртжээ.
Гэр бүл салалт, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдэд тавих хараа хяналт сул, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт, гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа нь бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болж байна. Судалгаанаас үзэхэд, өөрийн төрсөн хүүхдээ хүчиндсэн тохиолдол 2.9 хувь, төрсөн хүүхдээ алсан тохиолдол 42.2 хувь байна. Харин дагавар хүүхдээ хүчиндсэн тохиолдол 19.1 хувь, төрөл, садангийн хүний хүүхдийг хүчиндсэн тохиолдол 17.6 хувийг эзэлж байгаа бол дагавар хүүхдээ алсан тохиолдол 15 хувь, төрөл, садангийн хүний хүүхдийг алсан тохиолдол 12.5 хувь байна. Гэр бүл салж, хоёр дахь амьдрал зохиосонтой холбоотойгоор дагавар хүүхдээ үзэн ядаж удаан хугацаанд зоддог байснаас хүүхдийг алсан тохиолдол 25 хувь, өөрийн төрсөн хүүхэд биш гэсэн шалтгаанаар хүчиндсэн тохиолдол 40.2 хувийг эзэлж байна. Эцэг эх нь салсан, эцэг эхийн аль нэг нь өөр хүнтэй гэр бүл болсон гэсэн шалтгаанаар эмээ өвөөгийн гэрт байхдаа бусад хүнд хүчиндүүлсэн тохиолдол 27.9 хувийг эзэлж байна.
Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх, удаан хугацаанд үргэлжлэх шалтгаан, нөхцөл болж байна.
-Гэмт хэргийг бууруулахад хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?
-Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргээс сэргийлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага хамтрах, иргэдэд тулгуурласан олон талт арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Хамгийн гол нь гэр бүлийн харилцаа, гэр бүл төлөвлөлт, эцэг эхийн хариуцлага, үлгэр дуурайлал, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал байна.
C.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин