| |
С.Эрдэнэ: Ерөнхийлөгч АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг байна
Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.
-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэр яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ.
-Салхитын мөнгөний ордын олборлолтын талаар судалгаа бий юу?
-Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч гадаадынх. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ? Нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч маань УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн. Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал 9 их наяд болсон байгаа. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна.
-АН энэ асуудалд сөрөг байр суурьтай байна уу?
-Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгдээрээ улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд.
-Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ярилцаж байсан уу?
-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал өмнө нь хэзээ ч яригдаж байгаа. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдана. Нэг удаадаа тэтгэврийн зээл тэглэх юм уу, тэтгэврийн зээл авалгүй амьдралаа болгоод байсан хүмүүс хохирох уу. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгалын жил 25 жил хоосон байгаа. Нэрийн дансны бичилтээр л явж байна. Улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх хүмүүс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр.