|
Видео

Шинэ мэдээ

Боловсролын салбар Таны үед “Нисгэгч” бэлдэх болтолоо хөгжчих өө юу, Ё.Баатарбилэг сайд аа!

 

Боловсролын салбар Таны үед “Нисгэгч” бэлдэх болтолоо хөгжчих өө юу, Ё.Баатарбилэг сайд аа!

 

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх наймдугаар сард "Нисгэгч бэлдэнэ” гэсэн зар олон нийтйин сүлжээнд "тэнүүчилж” олон хүний дургүйцэл, гайхширлыг төрүүлээд авсан. Олныг алмайруулсан энэ зарыг Монголын Үндэсний дээд сургууль http://muis.mn гэсэн албан ёсны сайтдаа байршуулсан байгаа.

Өнөөдөр сургуулийн сургалтын албаны лавлах утсаар холбогдон нисгэгчийн ангийг сонирхон асуувал харилцуурын цаанаас нэгэн бүсгүй "Төв сургууль дээр ирээд уулз” гэсэн хариу өгсөнөөр энэ ангийн элсэлтийг авч байгаа нь тодорхой болов.

Нисгэгч бэлдэнэ гэдэг тоглоомын ажил биш. Сэтгүүлч, хуульч гэх мэт зах зээлийн илүүдэл болсон мэргэжилтнийг бэлтгэхтэй ижил хэрэг биш.  Монголд хуруу дарам  цөөн авиа компаниуд ганцхан нисгэгч бэлтгэхийн тулд өндөр хөгжилтэй орнуудын нисэхийн тусгай сургуулиудад 3-4 жилийн турш 150 гаруй мянган доллар төлж байна.

Хуучин ЗХУ-д үнэгүй бэлддэг байсан нисгэгчдийн халаа тасарч, аргаа барсан ИНЕГ, МИАТ компанийн удирдлагууд 2009-2010 онд тухайн үеийн Боловсролын сайдын урд, хойно нь гаран гүйж байж 10-аад нисгэгч бэлдэж байсан гэдэг.

Энэ үед мөн Цэргийн нисэх хүчний нисгэгчдийн үе тасарсан учраас Батлан хамгаалахын яам цөөн хэдэн хүүхэд ОХУ-д сургаж байв.

Хувийн зардлаар сурах боломж маш бага өндөр үнэтэй мэргэжил бол нисгэгч. Гэтэл мөнгө олохоор улайрсан захын нэг хувийн сургууль шинээр элсэх учир мэдэхгүй оюутны мөнгийг хүүдийлж, хүүхдийнхээ төлөө гэсэн гэнэн эцэг эхчүүдийн халаасыг сэгсрэхийн тулд үлгэр зохиогоод сууж байна.

Атал боловсролын салбарын бодлогыг тодорхойлох ёстой яам, салбарын тамгыг атган суугаа сайд нисгэгчийн анги нээж байгаа гайхамшигтай сургуулийн талаар юу ч мэдээгүй царайлж, иргэдийг хууран мэхэлж байгаа үйлдлийн талаар олон нийтэд зөв тодорхой мэдээлэл өгөхгүй төөрөгдөлд оруулж байгаа нь хачин.

Аль эсвэл боловсролын салбар Таны үед "Нисгэгч” бэлдэх болтолоо хөгжчих өө юу, Ё.Баатарбилэг сайд аа!

Нисгэгчийн мэргэжлээр элсэлт авч байгаа нэг ангийн ангийн дүүргэлтийг 30 оюутан. Төлбөр нь оюутан тус бүр жилийн 2 сая төгрөг төлнө гэж гэж үзвэл тэдний жилийн төлбөр 60 сая төлбөр. Дөрвөн жилд тэд 240 сая төгрөг төлнө гэсэн үг.

Боловсролын сайд аа! Их дээд сургуулиудын элсэлт авах мэргэжлийн чиг, эрхийг хэн хаанаас олгоод байна вэ. Ядарсан иргэдийн үр хүүхдээ гэсэн сэтгэл, сайхан мэргэжлийн нэрээр тэднийг шулах эрхийг хэн өгдөг юм бэ?

Бодлого төлөвлөгөөгүй, сургалтын тогтолцооны балгаар яг өнөөдөр Төмөр замын дээд сургуульд оюутнууд эсэргүүцэл өрнөөд байна. Нисэхтэй адил нарийн мэргэжилтэн бэлтгэдэг, Төмөр замын дээд сургуульд элслээ гэж ойлгосон 518 оюутан өнөөдөр Политехник Коллежийн элсэгч болсондоо бухимдаж байна.

Энэ хүүхдүүдийн их дээд сургуульд алдсан үргүй зардал, үнэтэй цаг хугацааг хэн төлөх болж байна вэ?

   Т.Пагмаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.