|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүхийн засгийн газарт хүн амь, танхайн хэрэг тасрахгүй нь

-Ё.БААТАРБИЛЭГ САЙДЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН "ТОМИЛГОО” ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ ВИЙ!!!-

ХААИС-ийн харьяа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдсан хэрэг гарчээ. Гэхдээ энэ нь албан тушаалын томилгоо, цаашлаад тус байгууллагын газартай холбоотой хэрэг бололтой. Нэг хүнд сар хүрэхгүй хугацаанд сахилгын хоёр ч арга хэмжээ авч, өөрийнх нь биед халдаж, дараагийн шинэ захирал нь ажлаа хүлээж авчээ.

Тодруулбал, Т.Батсүх захирал албаны машинаа хүүхэддээ унуулж, зугаацуулсан гэдэг асуудал нийтэд дэлгэгдсэн. Энэ асуудлаар ХААИС-ийн Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, Т.Батсүх захирлын цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Тун удалгүй албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. Үндсэндээ эхний тушаалыг наймдугаар сарын 8-нд, дараагийнхийг 19-нд гаргажээ. Түүгээр зогсохгүй Т.Батсүхийг гэртээ байхад нь танхайн хэрэг өдүүлж, түүнийг зодсон тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарсан.

Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан гэх нөхөр энэ сарын 26-27 нд шилжих шөнө Т.Батсүхийг зодож, гэрт нь хоёр гар утас, бичиг баримт зэргээ үлдээгээд явсан байна. Т.Батсүх энэ асуудлаар гомдол гаргасан тул одоогоор уг хэргийг хуулийн байгууллагад шалгаад эхэлжээ.

Зодоон яагаад гарах болов. Юунаас болов. Энэ асуудлын ард хэн байсан, Т.Батсүхийн ажил албан тушаалыг авах шийдвэрийг хэн гаргав зэрэг олон асуулт бий. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийн зөвлөх М.Найданхүүг тус хүрээлэнгийн шинэ захирлаар томилж эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан уу гэх асуулт гарч ирнэ.

                                                /  Т.Батсүхийн биед ингэж халджээ/

Сайдаар ар талаа хийлгүүлж бусдын биед халдуулж энэхүү хүрээлэнгийн захирлын суудалд суусан М.Найданхүү гэгч аль хэдийнэ ажлаа хүлээн авч маадгар гэгч хариулт өгснийг бид өчигдөр харсан. Тэрбээр "хэрвээ АТГ-аас боломжгүй гэж үзвэл эргээд сайдын зөвлөхөөр ажиллачихна, аавынхаа эзэмшлийн газарт эцэг, эхдээ байшин бариад өгчихнө”  гэх зэргийн тайлбар тавьж байгаа нь М.Найданхүү хэр том "артай” вэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн бичиг ирээгүй байхад томилсон нь энэ хүнийг яаран сандран томилох шалтгаан юу байв гэдэг анхаарал татаж байна. Уг нь түүнийг  уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгох албан бичиг даваа гарагт очсон байдаг.

М.Найданхүүгийн хувьд 2019 оны зургадугаар сарын 3-нд БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллахад нь АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн байгаа юм. Харин мань эр энэхүү тодорхойлолтыг бүх салбарт хүчинтэй гэж мугуйдлаж буй бололтой. Тэр ч утгаараа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллахад ямар нэгэн зөрчилгүй гэж өөрөө тайлбарлаж байгаа юм. Угтаа Найданхүүгийн аав Минжигдорж нь тус байгууллагын төслүүдэд зөвлөхөөр ажилладаг, хүрээлэнгийн эзэмшлийн газраас хувьдаа эзэмшилтэй болчихсон гэх зэрэг асуудалтай. Энэ талаасаа М.Найданхүүг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байгаа юм.

Мэдээж түүний ар нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гэж хардах үндэслэл ч бий. М.Найданхүүгийн хэлснээр захирал болохыг АТГ эсэргүүцвэл сайдын зөвлөхөөрөө эргэж очоод ажиллана гэх, сайдын нутгийн буюу Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан өмнөх захирал Т.Батсүхийг "ажлаа чимээгүй өг” хэмээн очиж зодсон зэрэг нь хардах үндэслэл мөн болов уу.

Хичээлийн шинэ жил хаяанд тулчихсан энэ үед салбарын сайд нь боловсролын салбарын хүртээмж, бүтээн байгуулалтдаа анхаарал хандуулахгүй албан тушаалын хойноос Архангайн Засаг даргыг хүртэл оролцуулан байж хутгалдаж байгаа нь хууль зүйн хувьд хэр зохистой алхам бэ. Хууль бус томилгооны цаана хэдий газрын эрхтэй холбоотой маргаан гарах нь гарцаагүй ч байдал хурцадвал хүний амь ч эндэж болохоор нөхцөл үүсээд байна.

Бид дараагийн удаа У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд бусдын  биед халдаж албан тушаал авах нь хэр зүйтэй вэ гэх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. 

Үргэлжлэл бий… /erennews.mn Р.САРУУЛ/

М.Найданхүүг ажилд томилсон албан бичиг

Т.Батсүхийн биед халдсан Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан энэхүү бичиг баримтаа түүний гэрт орхиод явжээ.

Нийгмийн толь

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.