|
Видео

Шинэ мэдээ

Дайвар ачаанаас татгалз, монголчууд аа

Гаалийн ерөнхий газраас гааль дээр илэрч буй зөрчлийн талаар өнөөдөр (03.15) мэдээлэл хийлээ. Гааль дээр илэрч буй зөрчил илүү нарийн аргатай, зохион байгуулалтын хэлбэртэй болж байгааг Гаалийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ч.Тамир хэлж байна. Мөн тодорхой нэр төрлийн барааг дахин давтах үйлдэлтэйгээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил их илэрч буй аж. 

 

Эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл нэмэгдэх хандлагатай байна

2018 онд Монгол Улсын гаалийн байгууллага 18 гаалийн газар хороо, хилийн 44 боомтод үйл ажиллагаа явуулсан байна. Ингэж ажиллахад Монгол болон гадаадын иргэдийн үйлдсэн 2028 зөрчлийг илрүүлжээ. Үүний 63 үйлдэл нь урьдаас төлөвлөгдсөн, зохион байгуулалттай гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байжээ. Энэ зөрчил үйлдсэн этгээдүүдэд 2.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 8.5 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. 

Харин 2019 оны эхний хоёр сард гаалийн байгууллага 325 хууль бус үйлдийг илрүүлсэн байна. Үүний 15 нь гэмт хэргийн шинж чанартай үйлдэл аж. Тухайлбал, 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хууль бусаар эм нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарсан байна. Монгол Улсын иргэн Н  нь БНСУ-аас илгээгдэж ирсэн ачаагаа авахаар гаалийн байгууллагад хандсан байна. Нийт 70 кг-ын жинтэй ачааг гаалийн байгууллага эрсдэлтэйд тооцож шалгахад 400 хайрцаг, 3200 ампул дархлаа дэмжигч тарилга байсан аж. Хэдийгээр энэ тарилга нь Монгол Улсын эмийн бүртгэлд байгаа ч иргэн Н нь төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй, гаалийн байгууллагад худал мэдүүлж, нуун далдлах замаар хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Гаалийн байгууллагаас эм, эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдэл зогсохгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа. Зөвхөн 2018 онд 140 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. 

Дайвар ачааг илгээсэн бус авч яваа хүн нь хэрэгтэн болдог 

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан таван үйлдлийг илрүүлжээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн Б, О, Н Нигер улсын иргэн А нар Тайланд, Герман, Нидерланд АНУ зэрэг улсаас хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан байна. Монголчууд танил, танил бус хүний дайвар ачаа их авч явдаг. Тэнд нь тухайн хүнийг гэмт хэрэгтэн болгох хар тамхи, эмийн бодис, түүх соёлын дурсгалт зүйлсийг нуусан байдаг. Энэ тохиолдолд ачааг илгээж байгаа бус дайварыг авч явж, улсын хилээр нэвтэрсэн иргэн гэмт хэрэгтэй болдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Өнгөрсөн оны сүүлийн зургаан сард хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 15 үйлдэл илэрсэн байна. Богино хугацаагаар аяллаар явсан, дунд хугацаанд сургалтад явсан, гадаад улсад уулзалтад явсан монголчуудын ачаа бараанаас мансууруулах бодис илэрсэн аж.  

Монгол Улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн гэмт хэрэгтэнд 10 ба түүнээс дээш жилийн ял шийтгэл оноодог. Харин БНХАУ-ын хуулиар 100 грамм болон түүнээс дээш хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд шууд цаазаар авах ялтай. Тиймээс гаалийн байгууллагаас залуусыг мөнгөний төлөө хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэгч болохгүй байхыг анхааруулж байна.   

 

М.Болд

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler