| |
Европын холбоо их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна
Монголын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн чадавхийг сайжруулах хүрээнд Европын Холбоо, Эрасмусын сан Монгол Улсын 11 их, дээд сургуультай хамтран "АРРОУ”/ARROW/ төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
2020 он хүртэл хэрэгжих төслийн багт Европын холбооноос Испани, Португаль, Польш улсын дөрвөн их сургууль, Монголын талаас төрийн өмчит МУБИС, МУИС, АШУҮИС, ХААИС, Улаанбаатар Их Сургуулиас гадна, СЭЗИС, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль багтжээ.
Сургууль тус бүрээс 15 багш уг төсөлд хамрагдаж, сургалтын эхний шат болох шинжлэх ухааны датабейс программын онлайн сургалтыг Польшийн их сургуулийн профессор Ирина Ограженсек удирдан явуулж, төсөлд хамрагдаж буй их дээд сургуулийн багш, судлаачид шинжлэх ухааны датабейс программыг өөрсдийн судалгаа, шинжилгээний ажилд ашиглах мэдлэг, чадвараа ахиулжээ.
Долоон үе шаттай хэрэгжих төслийн эхнийх буюу "Шинжлэх ухааны датабейс программын онлайн сургалт”-д Монголын их дээд сургуулийн 188 багш оролцсноос 156 нь шалгалтаа амжилттай өгч дараачийн шатны сургалтад хамрагдах болзолоо хангаж, сертификатаа авахаар боллоо.
"АРРОУ” төсөл хэрэгжиснээр Монголын их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны ажлын үр дүн сайжирч, зохиогчийн эрхийг хамгаалах, судалгааны ажлыг гадаад хэлээр бичих ур чадвар дээшилж, чанарт ахиц гарах юм.