|
Видео

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд нэг албан тушаалтан ХОМ-ээ өгөөгүй байна

Улсын хэмжээнд нэг албан тушаалтан ХОМ-ээ өгөөгүй байна

 


АТГ сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр, энэ сард хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, сүүлийн үед олны анхаарлыг татаат буй ШШГЕГ-т саатуулагдаж байхдаа нас барсан Л.Бямбаа агсны талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.  

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, "Мөрдөн шалгах хэлтсээс энэ сард гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 13 гомдол, мэдээлэл буюу 39.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан. Харин 10 гомдол буюу 30.3 хувьд хэрэг үүсгэхээс татгалзсан. Нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт өгсөн, одоо 9 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, хэрэг шийдвэрлэлт 72.8 хувьтай байна.

Хүлээн авч шалгасан дээрх гомдлын 18 буюу 54.5 хувийг Улаанбаатар, 15 буюу 45.5 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

Энэ сард мөрдөн байцаах 377 хэргийг шалгаснаас долоо буюу шалгасан хэргийн 1.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 23 буюу шалгасан хэргийн 6.1 хувийг хаах саналтайгаар прокурорт, гурав буюу шалгасан хэргийн 0.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 280 хэрэг, мөрдөн байцаах 63 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 9 хувийг шийдвэрлэсэн.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу албан тушаалтны ХАСХОМ-ийг бүртгэж ажиллаа.

АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна. Тодруулбал, Жендерийн үндэсний хорооны гишүүн Х.Мандахбаярт удаа дараа сануулсан ч шалтгаангүй мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан.

Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу  нийт 10  албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн  дүн мэдээг гаргаж нэгтгэхэд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 41400 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41399 мэдүүлэг гаргагч /цахим-37489, цаасаар-3911/ буюу 99,9 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан бөгөөд 1 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна” гэв.

Мэдээллийн төгсгөлд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ШШГЕГ-т саатуулагдаж байгаад нас барсан шүүгч Л.Бямбаа агсны талаар мэдээлэл өгнө үү ?

-Салхитын мөнгөний ордийг эзэмшигч, ашиглагч нарын маргааныг хууль хяналтын байгууллага шалгах үед талийгаач нэр бүхий хүмүүст их хэмжээний авлига өгсөн нөхцөл байдал илэрсэн Тиймээс түүнийг сэжигтнээр татан, 48 цагаар баривчилсан юм. Мөрдөн шалгалтаар талийгаачийн гэр, албан өрөөнд хийсэн нэгжлэгээр ач холбогдол бүхий нотлох баримт хураагаад байв. Саатуулах 48 цагийн хугацаа дуусмагц, түүнийг авахаар очиход нас барсан байсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн байгууллагаас авах нь зүйтэй.  

-Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан бэ?

Түүнийг салхитын мөнгөний орд газрын маргааныг шийдвэрлэх явцад нэр бүхий албан тушаалтанд авлига зуучилж өгсөн болохыг тогтоосон. Энэ нь шинэ Эрүүгийн хуулиар авлига өгөхөд хамтран оролцон үндэслэлээр татагдаж байгаа юм.

- Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгч нарын хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүгч нарын 2012-2017 онд хөрөнгө орлогоо мэдүүлсэн байдлыг шалгасан. Шалгалтын явцад зарим шүүгчид өөрийн хөрөнгийг мэдүүлээгүй, эх үүсвэрийг тайлбарлаагүй байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул хэрэг үүсгэсэн юм. Тэдгээр шүүгчийн албан үүргийг түдгэлзүүлээд гэм буруутэй эсэхийг нотлохоор прокурорын хяналтанд шалагж байна.

-Таван толгойн орд газрын хэрэг ямар шатандаа байна вэ. Эл хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан нь үнэн үү?

Мөрдөн шалгах ажлаар тухайн орд газраас олборлосон нүүрсний хэмжээ тодорхойгүй болоод байна. Тодруулбал, Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон тоо хэмжээ зөрсөн тул, нарийн мэргэжлийн шинжээч томилохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа хэргийн мөрдөн шалгах ажиллагаа цааш үргэлжилнэ. Энэ хэрэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.

Montsame.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler