| |
“KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 20808 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3245 нэгж буюу 15.5 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 606 үйлдэл бүртгэгдсэн нь 6 нэгж буюу 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.
"Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр "Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж мэдээлэл хийлээ. Тэрбээр зохион байгуулалт болон анхаарах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан тушаалтан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг чиг үүргийнхээ дагуу зохион байгуулж, идэвхтэй оролцох ёстой” гээд "Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах, 2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, дугаар хязгаарлалт болон замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах, Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны "Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.