|
Видео

Шинэ мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР УЛСЫН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн өнгөрч буй  нохой жилд олон мянган малчдын дундаас шалгарч "Улсын аварга малчин”-ы болзол хангасан Дорноговь аймгийн хөдөлмөрчдийн хотонд зочилж, шагналыг нь гардууллаа.

Дорноговь аймгийн Сайншанд сумын зургадугаар багийн малчин М.Чинбат 50 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд 30 гаруй азарга адуунаас гадна хонь, ямаа, үхэр сүргээ хамгийн хатуу ширүүн гэгддэг говийн нөхцөлд амжилттай өсгөн үржүүлж байгаа юм.

Айраг сумын Нард багийн малчин Э.Бархас-Од ч мөн энэ жил 2000 толгой мал тоолуулж "Улсын аварга малчин”-ы болзлыг хангасан байна.

Өнөө жил Монгол орон даяар ойрын хэдэн жил тохиогоогүй өнтэй өвөл болж буйн адил дорнын говьд ч цасгүй, өвс нь халиурсан шаргал өдрүүд үргэлжилж байлаа. Бараг л намраараа өвөлжиж байна. Цагийн сайханд, цагаан сартай давхцуулан баярт мэдээ дууллаа гэснээр шинэхэн аварга малчин Э.Бархас-Од биднийг угтсан юм. Түүний хувьд өвөл хүндэрсэн тохиолдолд туслах малчин авч малжуулж, эсвэл малаа түрээсээр маллуулж ирсэн байна. Харин энэ жил тэнгэр хангай ивээж буй учраас ганц гэрээрээ мал сүргээ онд оруулж байгаагаа танилцуулсан. Тэрбээр анх 1999 онд сумынхаа сайн малчнаар тодорч байсан бол түүнээс хойш арван жил дараалан мал сүргээ тогтвортой өсгөсний үндсэн дээр энэ жил улсын аваргын болзол хангасан аж. Энэ хугацаанд аймгийн сайн малчин, мянгат малчин, "Алтан төлийн эзэн” зэргээр амжилтаа ахиулж ирсэн байна. Таван хошуу малын дундаас хонин сүргээ илүүтэй өсгөхийг зорьдог тэрбээр аль болох холоос, үйлдвэр угсаа сайтай хуц, ухна тавихыг эрмэлздэг хэмээн туршлагаасаа хуваалцсан юм. 

Мөн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчидтэй хамтран тодруулдаг "Алтан төлийн эзэн”-ийг хүртсэн Д.Гангандоржийн хотонд зочилж шагналыг нь гардуулсан. Дорноговь аймаг төдийгүй улсын хэмжээн дэх залуу малчдын тод төлөөлөл Д.Гангандорж, эхнэр Н.Мядагмаагийнхаа хамтаар анх 2017 онд 2000 толгой мал тоолуулж байжээ. Хонин сүргээ голлон өсгөдөг Д.Гангандоржийн гэр бүлийнхэн өнгөрсөн хавар 605 эм хониноос 709 төл авч дээрх амжилтын эзэн болсон байна.

 

 

 

 

 

 

 

 

Дээр нь бодын төл малаа нэмэхэд 800 гаруй төл амжилттай бойжуулсан тэрбээр дунд сургуулиа дүүргээд, цэргийн алба хааж ирснээс хойш тасралтгүй 25 жил мал маллаж байгаа. Тэрбээр "Хүн бүр л шагнал урамшуулал гэхээсээ илүүтэй амьдрал ахуйгаа өөд нь татахын төлөө хөдөлмөрлөдөг байх. Эцэг эхээс уламжилж ирсэн мал ахуйдаа сэтгэл гаргасны үр шим л нэг л өдөр ирдэг юм байна” хэмээн шагналаа гардаж авсан юм. Харин Засгийн газрын нэрийн өмнөөс түүний шагналыг гардуулсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Аливаа шагнал хийсэн бүтээснийг нь бататгахаас илүүтэй, төр түмний итгэл дагадаг юм шүү” гэх захиасыг давхар дайж харагдана лээ.  Нохой жилийн  "Алтан төлийн эзэн” залуу малчин Д.Гангандорж дөрвөн хүүхэдтэй, одоогоор хоёр нь удам залгасан малчин болж говийн өргөн удам нутгаа нэр төртэй сахиж байна.  Хэдийгээр цаг сайхан байгаа ч хаврын уртад байдал хүндэрч болзошгүйг хашир, аварга малчид хэлэхээ бас мартсангүй. 

Дорноговь аймгийн тухайд мал аж ахуй гэхээсээ илүүтэй өмнөх нийгмийн үеэс л уул уухай, хүнд үйлдвэрлэлийг голдуу хөгжүүлж ирсэн эдийн засгийн бүтэцтэй. Хамгийн урт төмөр замын сүлжээ болон олон улсын зэрэглэлийн хамгийн урт авто замтай нь аймгийн хөгжлийг дэмжих гол түлхэц байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд цементийн үйлдвэрүүд болон жонш баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсон нь дорноговьчуудын амьжиргаанд бодитоор нөлөөлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн оноос Энэтхэгийн талаас санхүүжүүлж буй нэг тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хэрэгжиж эхэлсэн нь Дорноговийг хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт татсан аймгаар тодруулаад буй. Ийнхүү мал аж ахуйгаас гадна, уул уурхай дагасан хүнд үйлдвэрлэл тус аймгийн өрсөлдөх чадварыг шат ахиулж, дорнын говийг зоригсдын тоо нэмэгдүүлж байгаа. Үүнд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эрхэлсэн асуудлынхаа хүрээнд багагүй үүрэг оролцоотой байж ирсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler