![]() |
Чуулганы хуралдаан маргааш хүртэл хойшиллоо
Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх байв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы хуралдааныг хойшлуулах горимын санал гаргаж энэ нь дэмжигдсэнээр чуулганы хуралдаан маргааш хүртэл хойшиллоо.
Чуулганы ирцэд 43 гишүүн бүртгүүлсэн ч зарим нь картаа сугалаад явсан байна.
Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд "Үдээс өмнөх хуралдаанаар нэр бүхий гишүүдээс УИХ-ын даргыг огцор гэсэн шаардлага тавьсан. Тиймээс би тэдгээр гишүүдийг авч уулзсан. Тэгээд хууль тайлбарласан. Гэтэл зарим нь хариугаа ч авалгүй хурал хаяад гарсан. Би хуулийн дагуу шаардлагаа тавь гэсэн. Үндэслэлээ маш тодорхой тавь гэж хэлсэн. Түүнээс биш хэн дуртай нь огцор гээд огцруулчихдаг юм биш. Картаа хийчихээд сугалаад гараад явчихаж байна. Энэ нь дэгийн хууль юу гэж заасныг тайлбарлана уу УИХ-ын Тамгын газрынхаан"
УИХ-ын Тамгын газраас "Тухайн өдрийн ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, эсэргүүцэх шалтгаанаа тодорхой хэлээгүй явсан бол эсрэг санал өгсөнд тооцож ирцэнд оруулна гэсэн заалт бий. Өнөөдөр чөлөө авсан гишүүн байхгүй" гэсэн хариулт өглөө.
Б.Анир
