|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир

У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир "У.Хүрэлсүх эргэн ирлээ”, "Хурал хийлээ”, "Концерт тоглолоо” гэсэн пиар сүүлийн үед хэвлэл мэдээллээр зохион байгуулалттайгаар гарч эхэллээ. Хэдэн жилийн өмнө намаа сонгуульд ялагдуулсныхаа дараа эхнэрээ эмчлүүлнэ гэхээс өөр тайлбаргүйгээр гэнэт алга болсон хүн юуны учир ийн өөрийгөө пиардах болов гэж нэлээд гайхав. Нэг хүн яваа л биз, ирээ л биз.

Цаг нь болоогүй байхад намынхаа нэрийг сольсноор намаа хоёр хувааж ялагдуулсан гэдэг ял зэм түүнийг байнга дагалддаг. Намын их хурал дээрээ "Намын нэр сольсноор 2012 оны сонгуульд ялагдвал бүх хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн томорч, цаг нь арай болоогүй юм биш үү хэмээсэн нөхдөө урвагч хэмээн цоллож, заримыг нь намаас хөөж байсан түүхтэй. Тэрээр НАМЗХ хэмээх залуучуудын байгууллагын гар хөл бологчдоороо жагсаал хийлгэж Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ч.Даваасүрэн, О.Чулуунбат нарын зургийг төв талбайд дэвсүүлж, шүүрдүүлснээрээ тэднийг МАХН хэмээх нам байгуулж явах зам мөрийг нь нэгмөсөн шулуутгаж өгсөн. Үүний уршгаар 2012 оны сонгуульд МАН навс ялагдаж бүгд гудамжинд гарсан даа.

У.Хүрэлсүх ч яахав эхнэрийн бие муу гэдгээр шалтаглан гишүүнийхээ суудлыг өгчихөөд яваад өгсөн. Одоо эргээд харахад хариуцлагаа хүлээн өгье ч гэж өгөөгүй мэт харагддаг. Хэрвээ үнэхээр л хариуцлагаа хүлээж байсан бол авгай хүүхдийн бие өвдсөн гэж шалчигнахгүйгэр түүнийгээ тодорхой хэлээд өгөх байсан юм. Гол нь тэр үед чуулганы танхимд УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадаж, цаадах нь шарандаа цагдаад өгч эрүү үүсгэчихсэн. Эрхбиш нэг муу төр барьж эхэлсэн ухаантай юм чинь АН-ыхан энэ алдаан дээр нь дөрөөлж, экс генсекийг намтай нь хамт хөөрхөн шоглоод авах төлөвлөгөө гаргачихсан байснаас болсон гэдэг.

Намын нөхөд нь ажил ч үгүй, мөнгө ч үгүй лааз өшиглөж АТГ-т дуудагдан баргар царайлж байсан хүндхэн үед мань эр гадаад руу одож, түрийвч нимгэнтэй хүн тэр бүр очоод байдаггүй Австралийн эрэгт тухалснаар сураг тасарсан. Нам нь 2012 оны орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар энд "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” тэвдэж байхад ирж ажиллах нь бүү хэл сонингийн булан дээр намаа дэмжсэн ганц ч өгүүлбэр нийтлүүлэхгүй байсаар хоёр жил болсон.

Түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед МАН бүх шатанд эрх барьж, хэмжээгүй эрх дархтаа бялуурч сагаж сагсалзаж байсан цаг. У.Хүрэлсүхийг намынхаа гал тогоог удирдаж байсан он жилүүдэд УИХ-д 45 суудалтай үнэмлэхүй олонхи болсон хэрнээ АН-тай хамтарч засаг байгуулан өрсөлдөгчөө хүч оруулсан, сонгуулийн хууль, хар машин гээд өөрсдийгөө ялагдуулах бүх зүйлийг өөрсдийн гараар баталсан үйл явдлууд болж өнгөрснийг санаж байгаа байх. 2012 оны сонгуулийн дараа ялагд­лынхаа "шоок”-ноос гарч чадалгүй үймэрч, Бага хурлаа хийх гэж ухнатаж байх хоо­ронд нь АН-ынхан УИХ-ын даргаа дур мэдэн сонгож, МАН-ыг бүлэггүй, байнгын хороодод төлөөлөлгүй, хугацаагүй завсарлага авдаг эрхгүй болгож гарыг нь мухарласны гол буруутан нь мань хүнийг гэлцдэг.

Түүний дэмжин хөтөлж улстөрд оруулж ирсэн хүмүүсээс олон хүн хэрэг төвөгт орооцолдон аавын хаалга татаж байсан. Хамгийн сүүлд гэр бүлийн дотнын найз гэгддэг Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар нь их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд орооцолдож дээлээ нөмрөх дээрээ тулсан. Ардчилсан социалист залуучуудын холбоо хэмээх бай­гууллагыг удирдаж  байхад нь хамт зүтгэж явсан Ц.Чимэдцэрэн найз нь Хадгаламж банкны хэргээр ял эдлээд гарсан. У.Хүрэлсүх ч Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт орооцолдож УИХ-ын гишүүн байхдаа таван жилийн ял авсан ч, намынхаа ах нарын ачаар хэргээс мултарч явсан түүхтэй хүн. Түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сөүлийн казинод хүмүүст сая саяар нь мөнгө тарааж явсан гэдэг үлгэр домог шиг юмыг Солонгост байдаг монголчууд ярьдаг тухай хүмүүс их ярьдаг  байсан билээ.

Тэрээр сүүлийн үед Зүүний хүчний холбооныхоо байранд намынхнаа дуудан МАНАН-гийн Засгийн газар байгуулахыг ятгаж эхэлсэн сурагтай. Энэ нь сайндаа ч биш6 МАНАН байгуулагдвал нэг сайдын суудал олоод суучих далд хүсэлтэй нь холбоотой. Үүнийгээ ч нуухгүй ярьж яваа. Түүнийг дагаж бялууны булан үмхчих санаатай дагалдан баясагчид нь нөхрийг жаал хөөргөж буй бололтой дог.

Намаа сонгуульд ялагдуулж, өрөнд оруулж, журмын нөхдөө гудамжинд гаргаж орхичихоод хэд хэдэн сонгуулийн хүнд үед бараагаа ч харуулалгүй гадаад руу зугаалаад алга болсон түүний хувьд эргээд улс төрд орж, намын нөхдийнхөө өмнө том дуугарна гэдэг туйлын халуун бөгөөд хүнд гэдэг нь ойлгомжтой. 

Энэ хүнд байдлаасаа салж засаг огцорвол сайд болчих гэсэн аминчхан бодол нь түүнийг тавь шүргэх насандаа урлагийн хамтлаг байгуулж тайзан дээр концерт тоглоход хүргэжээ. Мөн тэрээр өөртэйгөө адил нөхцөл байдалтайгаар нөхдийнхөө итгэлийг хөсөрдүүлэн намаа хаяж явсан С.Баяртай нийлж улс төрд эргэн ирэх янз бүрийн арга ажиллагаа зохион байгуулж хэвлэлээр намдаа нөлөөтэй аврагчийн дүрээр залран ирж буй мэт бодит байдлаасаа тэс өөр захиалгат пиар хийлгүүлж  эхэлжээ.

Бие муудлаа гэдэг шалтгаар намын дарга, Ерөнхий сайдын суудлаа худалдчихаад гадаад руу бараг зугтсан С.Баяр мөн л 2012 оны УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд сүүдрээ харуулах нь байтугай сураг чимээ ч сонсголгүй алга болсон. Сураггүй алга болсон хүн гурван жилийн дараа МАН-ын 27 дугаар их хурлаар намын даргын асуудал ярьж эхлэхэд л гэнэт гарч ирж, Оюутолгойг эсэргүүцдэг бөх ерөнхийлөгч хэрэггүй учраас би Б.Бат-Эрдэнийг дэмжээгүй хэмээн ярилцлага өгч байлаа. С.Баярт даргын асуудал л чухал болохоос биш намын хувь заяа хамаагүй юм байна гэж тэр үед намын нөхөд нь далдуур шивнэлдэж байсан нь саяхан. Үнэмлэхүй ялсан намынхаа өврийг мөнхийн өрсөлдөгч АН-д дэлгэснээр гудамжинд явсан "биеэ үнэлэгчдийг” төрийн сэнтийд залж, энэ бүх ялагдлын үндсийг тавьсан гэж буруутгагддаг. Мөн долдугаар сарын нэгний хэрэг, таван хүний алтан амийг хариуцах ёстой гэж хохирогчдын ар гэрийнхэн түүнийг сурагласаар тав дахь жилтэйгээ золгож байна. Цэл залуухан гэргийгээсээ үрийн зулай үнэрлэж, гадаадын үнэтэй тансаг хаустаа 60 насныхаа босгон дээр жаргаж яваа тухай мэдээлэл цахим ертөнцөөр нэг цацагдсан.

Намаа ялагдуулж, хүнд үед нь хаяж явсан гэх энэ хоёр хүний зовлон нэг учир бие биеэ рекламдаж, Mонголын улс төр мань хоёроор дутлаа, энэ хоёр л бүхнийг чадна гэх утгатай мессежийг захиалгаар нисгэж эхлэв. Үнэхээр тийм мундаг байсан юм бол намаа удирдаж байхдаа сонгуульд ялуулчихгүй яагаад намаа гудамжинд гаргасан юм бэ. 2012-2013 оны сонгуулийн хүнд үед юунд нөхдөө хаяж гадаадаар зугаалсан юм бэ гэдэг асуулт тэдэнд зүй ёсоор тавигдана. Энэ хүндхэн асуултад хариулах хэцүүхэн зовлон хоёр эрхэмийг нэгтгэж байгаа. Улс төр дэх алдагдсан нөлөөгөө эргэн олохын тулд концерт хүртэл тоглож, захиалгат пиараа хийлгүүлээд эхэлсэн байна. МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн эргэн ирсний учрыг товчхон дүгнэхэд ийм ажээ.
 

Зууны мэдээ
А.Хуяг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler