| |
Видео
Шинэ мэдээ
Япон руу экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт төвлөрөв
Япон, Монгол Улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хүрээнд манай улс үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдээ гадныханд таниулж байна.
Тодруулбал Экспорт Олон улсын худалдааны төв болон Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төслөөс бараа бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан онол, практикийн бага хурлыг HUB инновацийн төвд зохион байгууллаа.
Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Япон улсад экспорт хэрхэн хийх талаар мэдээлэл авч, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцахын зэрэгцээ олон улсын туршлагатай танилцсан юм. Мөн Япон улсын зах зээлийн онцлог, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох, Японы компаниудтай хамтарч ажиллахад анхаарах зүйлс, бизнес төлөвлөгөө, стандарт зэрэг олон сэдвээр санал солилцлоо.
Экспорт Олон Улсын Худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг, "Манай үндэсний бүх төрлийн бараа бүтээгдэхүүн Япон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Ялангуяа арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал гэх мэт хүнсний органик бүтээгдэхүүнүүдийг экспортлоод эхэлсэн. Илүү ихийг гаргахын тулд бид тухайн улсын зах зээл, хүн ам, хэрэглэгчдийг сайн судлах ёстой. Судалгаан дээр үндэслэн Японы зах зээлд борлогдох сайн чанарын бүтээгдэхүүнийг гаргах нь чухал” гэлээ.
Экспорт Олон улсын худалдааны төвийн тэргүүн Л.Баян-Алтай, "Улс орон болгонд бараа бүтээгдэхүүнүүдэд тавигдах стандарт өөр, өөр байдаг. Японы хувьд хүнсний бүтээгдэхүүнүүдэд маш өндөр шалгуур тавьдаг. Лабораторын тестүүд, олон улсын ISO стандартыг хангасан гээд маш олон шалгуурыг хангах ёстой. Тиймээс бид тус улсын шалгуурыг хангахын тулд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах ёстой” хэмээв.
Оролцогсод сонирхсон асуултдаа хариулт авсны зэрэгцээ олж авсан мэдлэг, мэдээлэл дээрээ тулгуурлан бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, Япон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлохыг хичээнэ гэдгээ энэ үеэр хэлж байсан юм.
Ё.Ичинноров
Эх сурвалж: Монцамэ агентлаг