| |
Л.Энхдэлгэр: Валютын ханш тогтвортой байна
Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэртэй ярилцлаа.
-Валютын ханш ямар хүчин зүйлээс шалтгаалж өсч, буурч байна вэ?
-Валютын ханшийн өсөлт, бууралт олон хүчин зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, Монголын зах зээл хүлээлтэд их мэдрэмтгий. Ханш өсөх нь гэсэн хүлээлт үүсвэл хүмүүс маш хурдан худалдан авалтаа нэмэгдүүлээд эхэлдэг. Нэг ёсондоо долларын ханш өсөхөөс нь өмнө авъя гэж боддог. Энэ үед зах зээлд хиймэл эрэлт бий болж валютын үнэ өсдөг. Эсрэгээрээ буурах юм байна гэсэн хүлээлт үүсвэл валютын эрэлт буурж, ханш буурах нөхцөл бий болдог. Хоёрдугаарт, улирлын шинж чанартай холбоотой. Цагаан сар, наадам, хавар, зуны бизнесийн идэвхжлийн үе гэх мэтчилэн. Энэ үеэр хүмүүс гадагшаа явах, эсвэл гаднаас худалдан авалт хийх эрэлт тодорхой хэмжээгээр өсдөг. Үүнийг дагаад валютын ханш өсөх хандлага ажиглагддаг. Гуравдугаарт, валютын захын дэд бүтцийн хөгжил төдийлөн сайн биш. Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр гэнэт их хэмжээний валют орж ирэх, эсвэл их хэмжээний валют гадагшлах үед ханш огцом савалдаг. Нэг ёсондоо дэд бүтэц муутайгаас үүдэн зах зээл дээр гарч буй гэнэтийн, томоохон өөрчлөлт, хөдөлгөөнийг богино хугацаанд шингээж чадахгүй, тэр хэрээр ханшид огцом хөдөлгөөн бий болдог гэсэн үг. Монголбанк ийм үед огцом савлалтыг бууруулах зорилгоор валютын захад оролцож, интервэнц хийдэг. Нөгөөтэйгүүр валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк тодорхой алхам хийж, өнгөрсөн оны 4 дүгээр сард "Банк хоорондын валют арилжааны цахим талбар”-ыг нэвтрүүлсэн. Ингэснээр валютын захад дэд бүтцээс шалтгаалсан огцом хөдөлгөөн үүсэх нь эрс багассан гэдгийг дуулгая. Өнөөдрийн байдлаар, ам долларын албан ханш 2455 төгрөг орчимд тогтвортой байна. Наадмын өмнө 2420 орчим төгрөг байж байгаад наадмын үеэр бага зэрэг өсч, 2460 төгрөгт хүрсэн. Одоогоор ханш харьцангуй тогтвортой байна гэж үзэж байна.
-Долоодугаар сард валютын ханш тодорхой хэмжээгээр өссөн гэлээ. Энэ нь юутай холбоотой байв?
-Долоодугаар сард үүссэн валютын ханшийн хөдөлгөөнийг Монголбанк богино хугацааны шинжтэй хүлээлт гэж үзэж байгаа[MP1] . Учир нь Монгол Улсад орж, гарч байгаа валютын урсгалыг нэгтгэн бүртгэдэг төлбөрийн тэнцлийн статистик харьцангуй сайн байна. Тодруулбал, тавдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 201.7 сая ам.долларын ашигтай гарсан бол зургаадугаар сард 130 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ бол Монголоос гадагшлах валютын урсгал тийм ч их биш байгааг илтгэж байгаа тоон үзүүлэлт юм. 2017 оны 5 дугаар сараас Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, Монголд орж ирэх ам.долларын урсгал нэмэгдсэн. Түүнчлэн яг энэ үед уул уурхайн экспортын голлох түүхий эдүүдийн үнэ өсч төлбөрийн тэнцэл ашигтай гарах таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа үед ханш огцом савлах, өсөх эдийн засгийн агуулга харагдахгүй байгаа юм. Тэгэхээр наадмын үеэр улирлын шинж чанартай түр зуурын хөдөлгөөн бий болсон. Үүнийг зохицуулах зорилгоор Монголбанк тухайн үед нь шаардлагатай арга хэмжээ авсан.
-Төлбөрийн тэнцэл ашигтай байвал ханш тогтвортой байна гэж ойлголоо. Тэгвэл төлбөрийг тэнцлийг хэрхэн сайжруулдаг юм бол?
-Ер нь бол Засгийн газраас экспортын үйлдвэрлэлээ дэмжих, гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, худалдааны хэлцэл хийх, татварын таатай орчин бүрдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, гаднаас доллар оруулж ирэх, бонд гаргах зэрэг нь төлбөрийн тэнцлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг.
-Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн талаар Монголбанк сар тутам мэдээлдэг. 2018 оны 6 дугаар сарын байдлаар ГВАН 2.9 тэрбум ам.доллар байна. Жилийн өмнө валютын нөөц 1.3 орчим тэрбум [MP2] доллар байсантай харьцуулбал бараг 2.5 дахин өссөн байгаа. Валютын нөөц нэмэгдэж байгаа нэг шалтгаан нь Олон улсын валютын сангийн хөтөлбөр юм. Хоёрдугаарт, гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Үнэ өссөнөөр экспорт нэмэгдэж, уул уурхайн компаниудын орлого нэмэгдэж, валютын орх урсгал нэмэгдсэн. Мөн Монголбанкнаас алт худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авсан нь ГВАН өсөхөд нөлөөлж байгаа. Тэгэхээр валютын нөөц хэдий чинээ зузаан байна тэр хэрээр улс орны үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлын баталгаа болж байдаг.
-Алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан гэдгийг тодруулахгүй юу?
Монголбанк өнгөрсөн онд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, алт худалдан авалттай холбоотой хууль, тогтоож, журмыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой "Монгол Алт” аяныг хэрэгжүүлсэн. Аяны үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2017 онд 20 тоннд хүрснээр гадаад валютын улсын нөөцийг 700 орчим сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан. Харин энэ оны 5 дугаар сараас "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд Монголбанкны зүгээс алт олборлогчдод алтаа Монголбанкинд тушаах таатай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь байх хуулийн үргэлжлэх хугацааг сунгах, алтаа монголбанкинд тушаасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт эдлүүлэх зэрэг асуудлыг судалж байна. Мөн орон нутагт үнэт металлын сорьцын лабораторийг байгуулна. Ингэснээр алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанкинд алтаа тушаахын тулд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр тухайн орон нутагтаа сорьцлуулаад, орон нутгийнхаа Монголбанкинд тушаах боломж бүрдэх юм.
-Сорьцын хяналтын лабораториудыг аль аймагт байгуулж байгаа вэ. Хэзээнээс ашиглалтад орох вэ?
Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, "Тогтвортой бичил уурхай” төслийн хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор, Дархан-Уул аймгуудад сорьцын хяналтын лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Энэ оны есдүгээр сарын сүүлч гэхэд орон нутаг дахь сорьцын лабораториуд ашиглалтанд орох байх.
-Валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд яах ёстой вэ?
-Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай.