| |
Ерөнхийлөгч Путин Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөөг баталжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр Авлигатай тэмцэх 2018-2020 оны төлөвлөгөө батлагдсан талаар Интерфакс мэдээлсэн байна.
Уг төлөвлөгөөнд, 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө төрийн байгууллагуудын авлигын нөхцөл байдлыг үнэлэх аргачлал боловсруулах, авлигатай тэмцэх салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг албан тушаалтнуудын журмыг батлахыг Засгийн газарт зааж өгчээ.
Түүнчлэн хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа бэлтгэж танилцуулах, авлигатай тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын хийсэн ажлын талаар Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх асуудал хариуцсан газарт жил бүр танилцуулах, мөн Ерөнхий прокурорын газар, Хөдөлмөрийн яам Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулахтай холбоотой асуудлаар тайлан бэлтгэж байхыг уг төлөвлөгөөнд тусгасан байна.
Төлөвлөгөөний хэрэгжилтийн эцсийн тайланг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд танилцуулахаар заасан бөгөөд автономит улс, муж, нэгжүүдийн удирдлага хяналтын механизмыг бэхжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, тайлангаа жил бүрийн хоёрдугаар сарын 1-нд танилцуулж байх юм байна.
Мөн төлөвлөгөөнд бизнесийн салбар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх, тухайлбал, төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглах явдлаас бизнес эрхлэгчид хамгаалах гэх мэт асуудлуудыг тусгажээ.