| |
Б.Гарамгайбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгож Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийг дараад өнгөрөхөөр шийдэв бололтой
Олон жил яригдсан Б.Гарамгайбаатарын хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болголоо. Бараг амтай болгон Б.Гарамгайбаатарыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын албан тушаалаа ашиглан өөрийн "Монроуд" компанидаа замын тендер авч өгсөн, төсөвт өртгийг нь нэмэгдүүлсэн гэж шуугисан. УИХ-ын гишүүд ч Б.Гарамгайбаатар ийм үйлдэл хийсэн хэмээн шүүмжилцгээж байв.
Гэвч Нийслэлийн прокурорын газраас ойлгомж муутай тогтоол гарган УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон түүний хүү Г.Тэнгис нарыг тэдний нэр холбогдсон Халзанбүргэдэй-Солонготын давааны чиглэлийн 100 км автозамын төсөвт өртгийг нэмэгдүүлж 46.3 тэрбум төгрөг болгон улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдолгүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар үүсгэн байгуулсан "Монроуд" компаниа хүү Г.Тэнгистээ шилжүүлсэн гэх бөгөөд уг компани Халзанбүргэдэй-Солонготын даваагаас гадна Хэнтийн замыг барьсан байдаг. Гэвч чанар муутай зам нь явахын эцэсгүй болж там болсон нь Хэнтийн сонгогчдыг Б.Гарамгайбаатарт саналаа өгөхгүй байх шалтгаан болсон.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн автозамын хөрөнгийг Хөгжлийн банк гаргасан бөгөөд тухайн үед бондын мөнгийг ариг гамгүй зарцуулсан Хөгжлийн банкны захирлаар Н.Мөнхбат ажиллаж байсан. Н.Мөнхбат нь бондын мөнгийг хариуцаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайд "Фортуна" Н.Батбаярын хүн бөгөөд Н.Батбаяр Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын хамтаар бондын мөнгөнд хайр найргүй хандаж байсан гэдэг.
Өдгөө энэ хэргийг шалгаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа ч эхнээсээ нэр холбогдсон Б.Гарамгайбаатарыг чөлөөлж байгаа нь Хөгжлийн банк, бондын хөрөнгөтэй холбоотой хэргүүд замхрах тийшээ хандаж байгаагийн дохио боллоо.
Бондын хөрөнгийг үрэн таран хийсэн асуудлаар Б.Гарамгайбаатарын Н.Батбаярын хамтаар 461 дүгээр хорих ангид хорьж байсан ч удалгүй батлан даалтаар сулласан. Тэгвэл одоо Б.Гарамгайбаатар энэ хэргээс мултарлаа. Одоо Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын холбогдсон хэргүүд хэрхэн шийдэгдэхийг хүлээе.
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис нарыг шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ. Тэднийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаараа АТГ-аас "Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй” гэсэн тайлбарыг өгч байсан удаатай.
Caaknews.mn