| |
Х.БАТТУЛГА У.ХҮРЭЛСҮХИЙГЭЭ “ЖИЙЖ” МАГАДГҮЙ
Өөрөө өөрийгөө тагнаж мөрдүүлсэн хэрэгт унаад байгаа У.Хүрэлсүх Шадар сайдынхаа суудлаас татгалзсан өргөдлөө өгсөн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад "Санал буцаах тухай" албан бичиг илгээн үүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны дараа зөвшилцөнө гэсэн жүжиг тавьчихав. Уг нь Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төлөвлөгөөнд Шадар сайдынхаа суудлаас татгалзана, тэгэхээр нь би санал оруулна гэж зурагдсан зүйл байсан бололтой.
Энэ бол өнөөдрийн улстөрийн тайзан дээр тавьж байгаа тэдний жүжиг мөн. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга найруулагчтай, У.Хүрэлсүх хэмээх гол дүртэй, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын туслах дүртэй жүжиг ийнхүү үргэлжилж байна. Мэдээжийн хэрэг АН тайзны зураг чимэглэл хийн чимээгүйхэн сууна. Харин олонхийн хэсэгт ч МАН-ын 30-н гишүүн багтаад тус тусынхаа мөрөөдлийн дүрийг авахаар гар хөлийн үсэг зурчихлаа. Нөгөө талаар Х.Баттулга У.Хүрэлсүхийгээ хамгаалаад эхэлж байгааг харж болно. Улстөрийн нөхцөл байдал хаашаа ч эргэж болно суудалдаа байж бай гэсэн Х.Баттулгын үг яах аргагүй мөн биз.
Х.Баттулгын хувьд У.Хүрэлсүхэд сайндаа бус намынхаа эрх ашгийн төлөө МАН-ыг сарниах, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх хувилбар л хайж байгаа учраас юу юуны духанд хүрэлгүй У.Хүрэлсүхийг чөлөөлөх эсэхэд яарсангүй. Цаг эвгүй болсон үед Х.Баттулгад У.Хүрэлсүхээс үнэтэй "Топор" олдож юуны магад гэж бодож байгаа нь ойлгомжтой.
Энэ тухай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Эзэн Баттулга нь 'топор' нэрт туршуул Хүрэлсүх муужгайгаа хамгаалаад л. Зөв л дөө, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг хойно...” хэмээн өөрийн жиргээ хуудсандаа бичсэн нь ч санаандгүй хэрэг биш.
Үнэн хэрэгтээ бол У.Хүрэлсүх нар Х.Баттулга, АН-ын тоглоом л болж байгааг бид бүхэн харж байна. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын найруулга, шийдэл хаашаа ч эргэж мэднэ. Хэрвээ аль нэг тийш эргэвэл У.Хүрэлсүх Х.Баттулгын жүжигт хэрэггүй болох нь дамжиггүй. Улстөрд энэ зэргийн тоглоом байдгийг "Женко" хэнээс ч илүү мэднэ.