| |
Видео
Шинэ мэдээ
С.Карри 200 сая долларын гэрээ байгуулна
МОСКВА./TASS/. Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ "Голден Стэйт” багийн холбон тоглогч Стефан Карри тус клубтэй шинээр гэрээ байгуулахаар тохиролцжээ. Энэ тухай телевизийн ESPN сувгийн сэтгүүлч Эдриан Войнаровски Twitter хуудсандаа мэдээлжээ.
Шинэ гэрээнд зааснаар, С.Карри таван жилийн хугацаанд 201 сая долларын цалин авах бол өмнөх гэрээгээр тэрбээр жилд 11 сая доллар авдаг байжээ. Өдгөө 29 настай С.Карри 200 сая доллароос давсан үнэ бүхий гэрээ байгуулсан түүхэн дэх анхны сагсан бөмбөгчнөөр тодорч байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, тамирчны агентууд хэлэлцээ хийж эхэлснээс хойш ердөө хэдхэн минут өнгөрч байхад хэлцэл хийхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ уг гэрээнд албан ёсоор 7 дугаар сарын 6-наас хойш гарын үсэг зурах ажээ.
Үүний өмнө мэдээлж байснаар, NBA болон тоглогчдын үйлдвэрчний эвлэл хоёр хэлэлцээр байгуулах талаарх зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Тохиролцоо ёсоор NBA-гийн тоглогчдын дундаж цалин өсөх аж.
Одоогийн байдлаар NBA-гийн хамгийн өндөр цалинтай тоглогч болох Леброн Жеймс дараагийн тоглолтын улиралд 33 сая долларын цалин авах юм. Тэрбээр Twitter хуудсандаа шинэ гэрээ байгуулсанд С.Каррид баяр хүргэжээ.
С.Карри "Голден Стэйт” клубт 2009 онд 7 номертой тоглож эхэлжээ. Тэрбээр клубын бүрэлдэхүүнд NBA-гийн аваргаар хоёр удаа /2015, 2017/, хамгийн үнэтэй тоглогчоор хоёр удаа /2015, 2017 онд/ шалгарч байлаа. Түүнээс гадна АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн хошой аварга /2010, 2014/ болж байсан юм.
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг