![]() |
Видео
Шинэ мэдээ
Эрээний хилээр өдөрт 10 мянган хүн орж, гарч байна

ЭРЭЭН. /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын хүрээнд зургадугаар сарын 10-ний өдөр хоёр улсын сэтгүүлчид Хятадын Монгол Улстай хиллэдэг хамгийн том боомт хот болох Эрээний Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрээн хотын Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр 7-9 дүгээр сард хамгийн олон хүн буюу өдөрт 10 мянга орчим хүн орж, гардаг байна. Харин тус цэгээр 1-6 болон 10-12 дугаар сард 7-8 мянга орчим хүн орж, гардаг аж.
Хилээр нэвтэрч буй хүмүүсийн 90 хувь нь монголчууд бол үлдсэн нь Орос, Хятад болон бусад орны иргэд байна.
Мах, арьс ширэн эдлэл, монгол дээл ба гутал, ангийн арьс, цагаан идээ зэргийг хилээр гаргахыг хориглодог боловч монголчууд хориотой бараа бүтээгдэхүүн, эд зүйлс авч гарахыг завдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.
Саяхан л гэхэд Монгол Улсын нэгэн иргэн баавгайн савар хилээр гаргахыг завдсан гэж Хятад улсын гаалийн байцаагч Бао Гуаньюн ярилаа. Түүний хэлснээр, зөрчил гаргасан иргэдийн талаарх мэдээллийг Монгол болон Хятад улсын гаалийн байцаагчид харилцан солилцох замаар хамтран ажилладаг байна.
1990 оноос хойш Эрээн болон Баянхонгорын хооронд ганзагын наймаа эрхэлж буй Баянхонгор аймгийн иргэн Д.Оюунтуяа "1990-ээд оны үеийг бодвол Эрээний Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэг илүү түргэн шуурхай үйлчилдэг болсон. Өмнө нь хилээр гарах гэж 10 гаруй минут болдог байсан бол одоо 5 минутын дотор гарч байна. 27 жил ганзагын наймаа хийхэд амьдрал ахуй мэдэгдэхүйц сайжирсан. Ганзагын наймаа хийсний ачаар гурван хүүхдээ орон гэртэй болгож, тусад нь гаргалаа” гэж ярив. Тэрбээр 1000 гаруй км замыг туулан Эрээнд ирдэг бөгөөд сард нэг удаа Эрээний хилээр гардаг гэнэ.
Эрээн бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутгийн хойд хэсэгт оршдог бөгөөд Монголтой хиллэдэг хамгийн том боомт хот юм. Тус хот нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 9 км зайтай оршдог. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр 1966 оны нэгдүгээр сард тус хотыг албан ёсоор үүсгэн байгуулж байжээ.
Дашрамд дурдахад, Эрээн нь "үлэг гүрвэлийн нутаг” гэдгээрээ дэлхийд алдартай. Хятад улсаас олон улсын археологийн түүхэнд анх тэмлэгдэн үлдсэн үлэг гүрвэлийн чулуужсан яс энэ хотоос олдсон аж.


Хилээр нэвтэрч буй хүмүүсийн 90 хувь нь монголчууд бол үлдсэн нь Орос, Хятад болон бусад орны иргэд байна.
Мах, арьс ширэн эдлэл, монгол дээл ба гутал, ангийн арьс, цагаан идээ зэргийг хилээр гаргахыг хориглодог боловч монголчууд хориотой бараа бүтээгдэхүүн, эд зүйлс авч гарахыг завдах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.


Эрээн бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутгийн хойд хэсэгт оршдог бөгөөд Монголтой хиллэдэг хамгийн том боомт хот юм. Тус хот нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 9 км зайтай оршдог. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр 1966 оны нэгдүгээр сард тус хотыг албан ёсоор үүсгэн байгуулж байжээ.
Дашрамд дурдахад, Эрээн нь "үлэг гүрвэлийн нутаг” гэдгээрээ дэлхийд алдартай. Хятад улсаас олон улсын археологийн түүхэнд анх тэмлэгдэн үлдсэн үлэг гүрвэлийн чулуужсан яс энэ хотоос олдсон аж.

Г.Доржханд
/Эрээн хотоос/
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
