| |
Л.Гүндалайгийн хувийн бизнес Алтанбулаг боомтын онцгой бүсээс эхэлжээ
Тэрбээр "Бодь даатгал” ХХК-д улсын онцгой хяналтын бүсэд даатгалын үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл өгсөн
ШӨХТГ-т Боомтын захиргааны талаар гомдол иржээ. Гэтэл тус газартай холбоотой асуудлыг О.Магнай дарга ихэд нууцлаж гадагш нь гаргахгүй байхыг ажилчдадаа үүрэг болгосон аж.
Учир нь тус боомтын даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэгч эрхэм залгуулж яваа. Эл эрхэм шинэ ажлаа авангуутаа л ашиг сонирхлын зөрчлөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн боомтоос эхлүүлсэн байна. Тэрбээр Монгол Улсын бүх боомтуудад дангаараа давуу эрх эдлэхээр шийдвэр гарган энэхүү үйл ажиллагаагаа Алтанбулаг хилийн боомтоос эхэлж байна гэсэн үг.
Ийн хэлэхийн учир нь Боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай "Бодь даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болормаад өнгөрсөн наймдугаар сарын 6-ны өдрийн 1/110 тоот албан бичгийг хүргүүлж, Боомтын нэгдсэн захиргааны даргын 2014 оны долоодугаар сарын 31-ний өдрийн 61 тоот тушаалаар баталсан "Боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, тогтоосон цэгт үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэнд зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу Монгол Улсын хилээр түр болон байнга нэвтрэн орж, гарах.
Мөн гадаад улсын тээврийн хэрэгслийн "Жолоочийн хариуцлагын албан журам”-ын даатгалын үйлчилгээг боомтын бүсэд үзүүлэхээр "Бодь даатгал” ХХК, тухайн авто замын боомтын захиргаа болон "Боомтын хөгжлийн төв” ТӨҮГ-тай гурвалсан гэрээ байгуулж ажиллахыг зөвшөөрчээ.
Тус боомт дээр гурван даатгалын компани ажилладаг
Уг нь тус боомтын гаднах талбайд "Бодь даатгал” ХХК-тай зэрэгцээд даатгалын хоёр компани үйл ажиллагаа явуулж байсан аж. Гэтэл Л.Гүндалай дарга эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Боомтын хяналт шалгалтын онцгой бүсэд тус компанийг хууль зөрчин оруулж ирснээрээ хэн нэгэн этгээдэд давуу эрх олгож байгаа нь түүнийг ашиг сонирхолдоо хөтлөгдөн ийнхүү аашилжээ гэж ойлгож болохоор байгаа юм.
Хэрвээ Л.Гүндалай хууль дүрмээ барьж ажиллах юм бол боомтын бүсэд, боомтын хяналтын байгууллага болон аюулгүй байдлыг хангах алба нь ажиллах ёстой байдаг байна.
Тиймээс л түүнийг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хууль бус давуу эрхийг "Бодь даатгал”-д олгосон нь хууль дүрэмдээ ч тэр төрийн албан тушаалтанд байх ёстой хэм хэмжээ мөн эсэхийг "Нейшнл эженси” ХХК -ийн захирал Оюун болон Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо гэх газрууд ШӨХТГ-т үүнийг шалгаж өгөхийг албан ёсоор хүсчээ.
Дээрх холбоод болон компаниуд хуулийг илт зөрчин улсын онцгой бүсэд дураараа авирлаж байгааг нь баталгаажуулсан байхад яагаад үүнийг О.Магнай дарга ингэж нууцлах болов гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг юм.
Тухайлбал, О.Магнай "Бодь даатгал”-д давуу эрх олгож шийдвэр гаргасан хүн нь Л.Гүндалай гэж хараар цагаан цаасан дээр бичсэн байхад тэрбээр "Боомтын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын /ТӨҮГ/захирал Э.Өлзийсайханд албан шаардлага болон дүгнэлт хүргүүлсэн байгаа юм.
Хууль журамд зааснаар бол Хилийн бүс дэх жолоочийн даатгалын үйл ажиллагааг Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийн дагуу даатгалын зуучлагч нэг компани хилийн бүсийн орчимд хариуцан явуулна гэж заасан байдаг.Гэтэл Л.Гүндалай ийнхүү эрх мэдэлтэй мөнгөтэй компанийн талд шийдвэр гаргаж байгаа нь маш олон хууль журам зөрчөөд зогсохгүй зах зээлийн өрсөлдөөний тухай хууль, иргэдийн сонголт хийх эрхийг шууд боомилж буй хэрэг юм.
Л.Гүндалай "Бодь даатгал”-д давуу эрх олгосноороо олон хууль зөрчсөн
Л.Гүндалай "Бодь даатгал”-тай хамтарч ямар, ямар хууль зөрчсөнийг нь сонирхвол, "Боомтын тухай хууль”-ийн 12.1-д заасан "Боомтын Хяналт шалгалтын бүсэд Боомтын хяналт шалгалтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг зөрчсөн.
Мөн "Өрсөлдөөний тухай хууль”-ийн 13.2.7-д заасан "Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагад хориглосон” гэх заалтыг тус тус зөрчсөн болохыг ШӨХТГ-ын зөрчил арилгуулах албан шаардлагад дурьдсан байна.
Түүнчлэн Л.Гүндалай "Бодь даатгал”-д шууд давуу эрх олгосон нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.11-д заасан "Ашиг сонирхлын зөрчилтэй” гэх нөхцөл байдал үүсгэсэн.
Хамгийн сонирхолтой нэг баримт гэвэл "Боомтын удирдлагын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд оролцдог байна.
Тиймээс л шалгаж өгөх хүсэлт гаргасан хүмүүс нь "Бодь” даатгал нь Гадаад харилцааны сайд асан Л.Болдын өмчлөлийнх учраас тус компани Монгол Улсын боомтуудад дангаар ноёрхон үйл ажиллагаа эрхлэх давуу байдал бий болгоод зогсохгүй дээрх хуулийн 11.1-д заасан "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчиж экс сайдын эзэмшлийн компани болох "Бодь даатгал”-тай гэрээг үзэглэсэн нь хууль зөрчсөн хэрэг болж байгаа юм гэж хэлж байв.
Түүнчлэн "Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн 26.4-д "Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” гэсэн заалтыг мөн л Л.Гүндалай дур мэдэн зөрчиж шийдвэр гаргасан.
Мөн "Хилийн тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 2.4-т "Хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь эрх мэдэлтэй албан тушаалтанд зориудаар үйлчилсэн нь дээрх баримтуудаас тодорхой харагдаж байгаа юм. Энэ мэт хууль журмыг үл огоорч "Бодь даатгал” компанид давуу эрх олгосноороо Л.Гүндалай Ардчиллын нэр хүндийг шавартаа хутгаж ард түмний итгэлийг хөсөр хаясан үйлдэл болж байна.
Юутай ч шинээр байгуулагдаад удаагүй байгаа Боомтын нэгдсэн захиргааны нэр хүнд төдийгүй тус газар ажилладаг албан хаагчдыг "Авлигачид” гэж цоллох болсон нь Л.Гүндалайгаас үүдэлтэй байгаа нь харагдаж буй юм. Хувьсгалын ажлыг хийхийн оронд хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьж буй түүнд төрийн албан хаагчийн наад захын ёс зүй алга гэдгийг дээрх үйллүүд нотлоод өгч буй юм. Засгийн бялуунаас хүртэж, Боомтын нэгдсэн захиргааны дарга гээч шинэ албан тушаалд томилогдсон Л.Гүндалай "Бодь даатгал”-д ийнхүү үйлчилсэн нь түүнийг хуулийн байгууллага шалгах бүрэн үндэслэл нь бий гэдгийг холбоодын төлөөллүүд хэлж байсан.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын хилийн боомт бол улсын онцгой обьект. Улсын хилээр орж, гарч байгаа бүхнийг хянах энэ онцгой бүсэд Гааль, Хилийн шалган нэвтрүүлэх, Мэргэжлийн хяналтын тусгай ажилтнууд үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байх ёстой. Гэтэл эдгээр хүмүүстэй зэрэгцээд хувийн компани даатгалын ажил хийх нь хэр зохистой юм бол гэдэг анхаарах ёстой зүйлийн нэг.
Энэ мэт увайгүй үйлдлээс болж хяналтын байцаагчийн анхаарлыг сарниулах, үйл ажиллагааг удаашруулах гэх мэт олон асуудал гарч ирвэл үүний хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг нь сонирхол татах асуудлын нэг болоод байна. Бид энэ талаарх мэдээллийг эрэн сурвалж дараагийн дугаартаа хүргэх болно.
Р.Саруул