|
Видео

Шинэ мэдээ

Шинэчлэгдсэн "Мөнгөний нам" ба өнөөх фракцуудын хагарал

 

Шинэчлэгдсэн "Мөнгөний нам" ба өнөөх фракцуудын хагарал

 

АН-ын дотоод сонгууль болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль АН-д томоохон шинэчлэл, шинэчлэлийн "салхи” оруулна гэж намын дарга С.Эрдэнэ болон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар ам ангайх бүртээ мэдэгдсэн.

 

Тэд "Намын дарга, удирдах албан тушаалтнууд, шат шатны дарга нараа нийт гишүүдээсээ сонгодог болсон нь АН-ын томоохон ололт. Цаашид ч энэхүү шинэчлэлийн ажил үргэлжилж, Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмээ ч нийт гишүүдийнхээ санал хураалтаар сонгох болно. Энэ бол  цэвэр шударга өрсөлдөөн. Ингэснээр АН шинэчлэгдэж байна” гэхчлэн намдаа маш том шинэчлэл хийж байгаагаа мэдэгдсэн юм.

Гэхдээ АН-ын шинэчлэл тэдний ярьж байгаа шиг болсонгүй. Анхнаасаа ч шинэчлэлийн салхины үнэр ч авчраагүй. АН-ын дотоод сонгууль нэрийдлээр нэр дэвшигчдээс мөнгө хурааж, дэнчингийн мөнгө, хураамж гэхчлэн тоо тоймшгүй мөнгө нэхэж эхэлсэн. Жинхэнэ утгаараа мөнгөний сонгууль болж хувирсан бөгөөд үүнийг намынхан нь эсэргүүцсээр ирсэн билээ.

 

Түүгээр ч үл барам хэдэн сая төгрөг төлчихөөд хэдхэн минут ч үг хэлэх эрхгүй сонгууль боллоо гэж нэр дэвшигчид ихээхэн бухимдаж, эгдүүцсэн. Намын дүрмээ эргэж буцан байж арай ядан бүртгүүлсэн гээд олон мянган асуудал проблем, эсэргүүцэлтэй тулгарсан ч АН-ын дотоод сонгууль болдогоороо боллоо.

 

Мэдээж, болдогоороо болсон ч хэрүүл тэмцэл, шударга бус, албан тушаал, эрх мэдлийн тэмцэл дүүрэн өрнөж байдаг АН-ынхны нөгөө л нэг фракцын хагарал энэ удаа ч нам жим байсангүй. Үргэлж ард түмнийхээ нүдэн дээр хагаралдаж байдаг тэдний зан энэ удаа ч гэсэн дахин илэрлээ.

 

Тодруулбал, сонгууль болохоос ганцхан хоногийн өмнө "Алтангадас” фракцын гишүүн болох С.Баярцогтын нэрийг нэр дэвшүүлэхээс түдгэлзүүлж, нэрийг нь бүр нэрсийн жагсаалтаас хасаж орхив. Үүнийгээ "Үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан үүссэн" хэмээн тайлбарласан байдаг.

 

АН-ын дарга С.Эрдэнэ "Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. Цаашид АН-ын удирдлагад оффшор данстай хүн байх нь зохисгүй гэж үзэж байгаа учраас хатуу хяналт тавин ажиллана гэж үзэж байгаа. АН шинэчлэлийн хүрээнд хариуцлагын асуудлыг давхар ярьж байгаа учраас С.Баярцогтын нэр дэвшихээс түдгэлзүүлсэн” гэсэн юм.

 

С.Баярцогтын оффшор дансны асуудлыг зөвхөн энэ удаад ч хөндөж байгаа юм биш. УИХ-ын 2012 оны сонгуулиар хэсэг бүлэг этгээд С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэж гомдол гаргасан ч тус үед намын дарга хийж байсан З.Энхболд жишим ч гүй нэр дэвшүүлж байсан удаатай. УИХ-ын сонгуулиас хойш өчнөөн цаг хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл чимээгүй явчихаад сонгуулиас нэгхэн хоногийн өмнө түүний нэрийг хассан нь өнөөх л фракцын хагарал тэмцэл дээд цэгтээ хүрсэний илрэл.  

 

Гэхдээ асуудал ердөө С.Баярцогтыг дэвшүүлэх дэвшүүлэхгүйдээ биш. АН-ын дотоод тэмцэл, хагарал, нэгдмэл биш байдал энэ явдлаар дахин харагдлаа. АН-ын дотоод хагарлын харагдаж буй нэг өнцөг нь С.Баярцогт болж байна. Учир юу хэмээвэл С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байх шалтгаан оффшороос илүүтэй АН-ын өнөөгийн дарга С.Эрдэнийг "Алтангадас”-ынхан хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн хариуд барьж буй бэлэг байж болох юм. Үүний нэг илрэл нь АН-ын дотоод сонгуульд "Алтангадас”-ынхан оролцоогүй. Эсээгүүцэж буй хэлбэр нь тэр байх.

Тодруулбал, төв намаас нь С.Баярцогтын нэр дэвших эрхийг түдгэлзүүлж орхиж. Гэтэл Сэлэнгийн АН-ынхан төв намынхаа шийдвэрийг тоосон ч шинжгүй С.Баярцогтын нэрийг оролцуулан сонгуулиа явуулжээ. Улмаар С.Баярцогт нэгээр гарч, ялалт байгуулсан байгаа юм. Гэхдээ одоогоор энэхүү шийдвэр баталгаатай биш. Учир нь төв намаас нэгэнт түдгэлзүүлэх шийдвэр гарчихаад байхад аймаг, дүүргийнх нь намынхаа удирдлагуудын шийдвэрийг үл тоож, ийнхүү санал хураалт явуулсан байна. Үүнээс харахад АН-ынхан одоо хүртэл нэгдмэл, нэг бие болж чадаагүй нь харагдаж байна. Тэд атгасан гар шиг зангилагдаж чадахгүй байна.

 

Нэгдмэл байж чадаагүйгээс болж, УИХ-ын сонгуульд гутамшигтайгаар ялагдсан нь тэдэнд сургамж болж чадсангүй. Эсрэг намтайгаа өрсөлдөх нь битгий хэл дотоод сонгуулиа ч хэл ам, хэрүүл тэмцэл, хагаралгүй хийж чаддаггүй АН-ынхан энэ янзаараа явбал  2020 оны сонгууль дахин ялагдал хүлээх магадлал тун ойрхон байна. Тэд шинэчлэгдэж чадахгүй бол ялагдал тэднийг дагасаар л байх нь. Шинэчлэгдэе гэвч албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл АН-ынхныг атгасаар л байна.

 

 

Б.Анир

http://www.zaluu.com/read/107b04bhc


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler