| |
Видео
Шинэ мэдээ
МАНАН бүлэглэл тодорхой болж, түүний эсрэг нэгдэл үүсэв үү?
Далай ламын айлчлалын талаарх сэдвийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярилцлага өөр тийш эргүүллээ. Өнөөгийн улстөрийн нөхцөл байдлыг нэлээд гүнзгий ярьсан түүний яриаг УИХ-ын гишүүн асан, ТТЭННамын дарга Г.Уянга фэйсбүүк хуудсандаа хамгийн товчоор, тун ойлгомжтой базаж дүгнэжээ. "МАНАН-г арай ойлгомжтой томъёолъё. Ц.Элбэгдорж эхлээд Н.Алтанхуяг Ерөнхий сайдад "Чи аятайхан байвал хоюулаа Путин Медведев шиг ээлжилж халаагүй засаглахад ч болохгүй гэх газаргүй” гэжээ.
Оюутолгойн асуудлаар үгэнд нь ороогүй учраас Н.Алтанхуягийг ёсоор болгож. Дараа нь дээрх үгээ З.Энхболдод хэлжээ. ЗЭ дарга Тавантолгойг бүлэглэлд өгөхгүй, ард түмний өмч гэж зөрүүдэлсэн тул Энхболдын овог нь солигджээ. Одоо ЦЭ МЭ хоёр "Путин Медведевдэнэ”. Тэдэнд шүүх, цагдаа, АТГ, ТЕГ, Оюутолгой, банкууд, хэвлэл мэдээлэл, гадаад эздийн дэмжлэг, Их Хурал, Засгийн газар, МАН байна, бас АН-ыг ч авах гэж байна…Тэгж л байг уу ?!” гэсэн байна.
МАНАН, нам дамнасан бүлэглэл гэж ярьдаг боловч нэр зааж чаддаггүй байсан бүлэглэлийг Г.Уянга их тодорхой гаргаж нэрлэх шиг боллоо.
Г.Уянгын бичсэнчлэн Ц.Элбэгдоржийн "хүүхэлдэйнүүд”-ээс хэн нэг нь АН-ын даргыг авах юм бол тэд хараахан түүний гарт бүрэн ороогүй байгаа АН-ыг ч гартаа найдвартай хийж жинхэнэ "Путин Медведевдэх” нь байна. Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгчийг нүүрэн дээр нь улалзтал шүүмжилж тайланг нь анх удаа УИХ-д тавиулан Каплаг уучилсны төлөө огцруулахаар УИХ-д асуудал оруулж байсан бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой илэрхий сөргөлдөн гарч ирснээр жинхэнэ МАНАН-гийн эсрэг улстөрийн нэгдэл базагдаж эхэлж байх шиг байна.
Женко хэмээх Х.Баттулга мөн үүнд багтаж таарна. Ерөнхийлөгчийн анхны саналыг хүлээж аваагүйгээрээ З.Энхболд хамрагдах нь гарцаагүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж МАН-аас энэ нэгдэлд хамрагдах хамгийн эхний хүн болж байна.
Түүний эсрэг ганцаараа сөрсөн хүн болгоныг бүлэглэл намнаж байсны жишээ нь Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд, Г.Уянга, Ц.Нямдорж нар өөрсдөө юм. Өнөөдрийг хүртэл бүрхэг байсан МАНАН олон нийтэд нэрсээрээ тодорхой болж, түүнийг сөрсөн бодтой бүлэглэл үүсч эхэлж байгаа нь улстөрийг улам сонирхолтой өрнөлийг эхлүүлэх бололтой.
Г.Ундрал
Шуурхай