| |
Дэлхийн банкнаас тусламж хүслээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн баасан гаригт Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чойг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхий сайд "...Монгол Улсын эдийн засагт тулгараад буй богино хугацааны хүндрэлийг даван туулах, төлбөрийн тэнцэл, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Дэлхийн банкнаас Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтэй байна.
Мөн манай улсад хэрэгжүүлэх боломж, ирээдүйтэй олон сайхан төсөл байгаа боловч хөрөнгө оруулагчид банк, санхүүгийн байгууллагын шаардлагад нийцсэн ТЭЗҮ бүхий төсөл цөөн байна.
Тиймээс томоохон төслийн ТЭЗҮ-г олон улсын шаардлага хангасан, өндөр түвшинд боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг хүсч байна” гэв. Харин Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Хэнам Чой "...Нөхцөл байдал муудахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг шуурхай авч байгаа нь зүйтэй.
Хүндрэлийг туулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж ажиллана. Хөгжлийн бодлогын зээл авах хүсэлтийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд танилцуулж, тусламж дэмжлэг үзүүлж ажиллана” гэв.
Б.Баяр
Зууны мэдээ