| |
Видео
Шинэ мэдээ
“БАЯНЗҮРХ”-ИЙН ТОВЧООГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ
Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Авто тээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Өнгөрсөн бямба гарагт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Баянзүрхийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа. "Баянзүрх”-ийн товчоо нь сууршлийн бүсэд байрладаг учраас нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм.
Тиймээс тус товчоог нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг Зам тээврийн хөгжлийн сайд өглөө. Тэрээр "Мэргэжлийн байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэн ажиллуулах нөхцөл бололцоог хангаж, энэхүү үйл ажиллагааг цэгцлэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Малын гоц халдварт өвчин ойр ойрхон гарч байгаа энэ үед халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг суурьшлийн бүсээс нүүлгэн шилжүүлэх нь маш чухал асуудал юм. Засгийн газрын тогтоол гарсан тул тогтоолын хэрэгжилтийг хангаж Онцгой байдал, Мал эмнэлэг, Мэргжлийн хяналт, Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана” гэлээ.
Тус товчоог татан буулгаж үйл ажиллагааг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шалган бүртгэх товчоо буюу "Налайхын 4-р зөрлөг”, налайх, тэрэлжийн Автотээврийн шалган бүртгэх товчоодод тус тус төвлөрүүлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.