|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлийн онцгой комисс ирэх даваа гарагт хуралданa

Нийслэлийн онцгой комисс ирэх даваа гарагт хуралданa

 

Улаанбаатар хотод энэ сарын 28-нд орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, "Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад  борооноос үүдэн үер бууж, усны түвшин нэмэгдэж,  иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон орон сууцны газар доорхи давхаруудад ус хуримтлагдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн 3-р хороонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Улаанбаатар хотод  өчигдөр /7 дугаар сарын 28/ оройн 19:55 цагаас 20:30 цагийн хооронд маш хүчтэй аадар бороо орсон. Замын ус зайлуулах шугам хоолойнууд болон үерийн далан хэвийн ажиллаж байсан ч бороо маш хүчтэй орсон учраас ус зайлуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй гэсэн тайлбар өглөө.

Нийслэлийн онцгой комисс ирэх даваа гарагт хуралданa

 

 Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр, үерээс болж үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан гэлээ.  Энэ хавар, зуны турш Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл,  Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран үерийн далан сувгуудын цэвэрлэгээг тогтмол хийж байсан байна.

Нийслэлийн Засаг дарга, цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байна. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар  мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно гэв. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler