| |
ГАБОР КИРАЙ ЯАГААД ӨМД ӨМСДӨГ ВЭ?
Габор Кирайгийн өмдийн тухай асуудал их яригдаж байна. Тэгвэл яагаад өмд өмсдөг тухай нь өгүүлье. Хэдэн жилийн өмнө өмдтэй хаалгачид олон байсан. Одоо цөөрсөн нь бол үнэн юм.
Кирайгийн хувьд 20 жилийн өмнө буюу 20 настайдаа Унгарын "Халадаш” багт замналаа эхлүүлсэн байна. Тус клубээс түүнд хар, саарал өнгийн хоёр өмд өгдөг байжээ. Тэр харыгаа бэлтгэл дээр, харин саарал өнгөтэйг нь тоглолтод өмсөхөөр шийдсэн гэнэ. Саарал өмдтэй эхлээд гартал баг нь хожчихож. Үүнийг сайны дохио хэмээн сүжиглэж, цаашид саарал өмдтэйгээ тоглох болсон юм байна. Түүнийг өмдтэй тоглодог тухай нь асуухад "Би загвар өмсөгч биш хаалгач биз дээ” гэж хариулдаг.
Гэхдээ Кирай өмднөөсөө татгалзахад хүрсэн тохиолдол бий. 2005 онд "Кристал Пэлас”-т тоглож байхад клубын удирдлага нь түүнийг шорт өмсөхийг зөвлөжээ. Ингээд "Челси”-гийн эсрэг шорттой гартал 1:4-өөр хожигдсон төдийгүй, нэг гоолыг хоёр хөлийнхөө дундуур алдчихаж. Үүнээс хойш шортыг муугийн дохио гээд эргээд өмдөө өмсөж эхэлсэн байна.