| |
Нүгэл ба буян
Нүгэл ба буяны тухай ойлголтууд нь Буддын гүн ухааны үндсэн ухагдахуунуудын нэг. Арван хар нүглийг тэвчиж арван цагаан буяныг үйлдэх нь үнэнд хүрэхийн үндэс төдийгүй, энэ насандаа зовлонгүй амар амгалан байх, хойд насандаа сайн төрлийг олох боломж хэмээн үздэг.
Хүмүүнээс, ямар ч нөхцөлд, аливаа амьтанд, үүний дотор өөртөө ч өчүүхэн төдий боловч хохирол, таагүй байдлыг өөрийн бие хэл, сэтгэлээр учруулах нь нүгэл бөгөөд нүглээс хэзээ нэг цагт муу үр дагавар гарна. Харин дээрх нөхцөлд өөрийн бие хэл, сэтгэлээр үйлдэх үйлээ ариун байлгаж хэнийг ч, юуг ч үл хохироох төдийгүй, чин сэтгэлээсээ бусдад туслах нь буян мөн. Буяны үр нь ямагт амар амгалан, аз жаргал байдаг, гэж үздэг юм.
Бие, хэл, сэтгэлээр үйлдэх гурван төрлийн нүглийн дотроос, сэтгэлээр үйлдэх нүгэл (шунах, уурлах, эд юмсыг буруу харах) нь нөгөө хоёрыгоо өдөөдөг. Үүнд буруу үзэл, хомхой сэтгэл, хорлохуй сэтгэл нь голлон нөлөөлдөг ажээ.
Богд Зонхвын "Бодь мөрийн зэрэг” бүтээлд өгүүлэхдээ "Биеэр үйлдэх үйлийн, үр дагавар нь сэтгэлээр үйлдэх үйлийнхтэй адил тийм ихээр үрждэггүй” гэсэн байдаг.
Шунал хүсэл нь том нүгэл биш боловч түүнээс ангижрах нь амар биш. Харин уур хилэн их нүгэл боловч түүнээс ангижрахад хялбар. Гэтэл мунхаг харанхуй нь том нүгэл ч түүнээс ангижрах нь хэцүү гэсэн байдаг.
Бидний үеийнхнийг бага байхад, нүгэлгүй юм гэж бараг л үгүй, чухам хаашаа ч яаж ч хөдөлж болдоггүй, нүгэл болчих гээд байдаг хэцүүхэн тохиолдлууд ч бас байсан юм.
Энэ байдал н ь сургаал номлол нилээд мартагдсан, шашиныг хорьж цагдсантай ч холбоотой байх. Тэр нь нүгэл, харин энэ нь нүгэл биш гэж ялгаж салган хэлээд өгчих хүн ховордсон байсных ч байж магадгүй.
Нүгэл буяны тухай ойлголт зарим талаар гажиж, утга агуулгаа алдах явдал, тэр үед ч байсан, одоо ч бас байсаар байх шиг. Үнэндээ бусдад саад болох нь л нүгэл болохоос бус, босгон дээр гишгэх нь нүгэл биш юм билээ л дээ. (Осолтой гэвэл өөр хэрэг.)
Ер нь хүүхдийг хар багаас нь л үнэн, худал нь үл мэдэгдэх нүглээр далайлгаж дарамтлах нь, гүн ухааныхаа ойлголтоор бол тухайн хүний хувь чанарыг нь устгаж, хэвшмэл хэв загварт "цутгаж” байгаа харгис явдал төдийгүй, том нүгэл юм. Тухайлбал, Ацтай модон доогуур гарвал нүгэл гэдгийг чухам хэн, хэзээ зохиосныг мэдэхгүй юм. Хичээлээ уншаагүй хүүхэд муу дүн авах нь үйлийн үр гэхээсээ илүү энгийн үр дагавар. Үнэндээ тэр ч зохиосон байж магадгүй. Нэлээд хожуухан л тэгж хэлэгддэг болсон харьцангуй "шинэ нүгэл” юм даг.
Үүнээс гадна тун юмс үзэгдэл, түүнчлэн ахуйн хүрээний эгэл ойлголтуудад ч нүглээр тайлбарлагдсан зүйлc олон байдаг. Жишээ нь, шөнийн цагаар хумсаа авбал нүгэл гэнэ. Энэ нь ердөө л болгоомжилбол зохих үйл бөгөөд үүнийг нүгэл гэхээсээ илүү аюулгүйн арга хэмжээний зааварчилгаа гэж ойлгох нь дээр санагдана.
Чухамдаа сургаал номлолын зарчимд харш, үйлдвээс сөрөг үр дагавар зайлшгүй гарах, аливаа буруу үйлийг л нүгэл гэхээс бус, хэн хүний төсөөлж бодсон, сэжиглэж болгоомжилсон санаа бүхэн нүгэл биш билээ. Харин үг хэлээрээ нүгэл үйлдэхээс болгоомжилж, билэг дэмбэрэлгүй үг хэлэхгүй байхыг хичээх нь өөр хэрэг. Монголчууд угаас билэггүй үг хэлэхийг төдийгүй, билэг бус үйл үйлдэхийг ч цээрлэдэг ард түмэн.
Харин энэ нь нүгэл, буяны сэтгэлгээтэй сүлэлдхээрээ нэлээд ойлгомжгүй байдал үүсгэсэн байдаг.
Сэтгэлээ эс номхотговоос нүгэл буюу муу үйл тасрахгүй хэмээн Далай лам айлджээ. Үнэндээ сайн хуульгүйгээс, эсвэл хууль мэдэхгүйгээсээ болж хүн хулгай хийж, бусдыг хорлодоггүй, харин сэтгэлийн хир буртгаасаа л болж аливаа муу үйлийг үйлддэг билээ.
Тухайлбал, "хэвтээгээрээ хоолоо идэх нь, мөн хагархай толиноос гэрэл ойлгож гялалзуулах нь, ор хөнжилдөө дуу дуулах нь...нүгэл” гэх мэт хэллэг, ойлголтууд олон бий.
Босч чадахаа больсон хүн л хэвтээгээрээ хоолоо идэж, ор хөнжилд өө дуулна гэсэн сэжиглэл. Тольны гэрэл гялалзуулахын тухайд бол хүн үхэх үед биеэс нь толины тусгал мэт цагаан гэрэл (сүнс нь) гарч явдаг гэсэн ойлголттой холбоотой.
Тухайн тохиолдолд тэдгээр үйлдлийг санаандг үй эсвэл утга агуулгыг нь мэдэлгүй хийсэн байваас, уг үйл нь үйлийн үр үл хуримтлуулах үйлд хамрагдах нь тодорхой.
Харин эдгээрийг нүгэл хэмээн хүмүүст айдас, түгшүүр төрүүлж байгаа нь ч, тэдгээрээс айж сэжиглэж байгаа нь ч адилхан нүгэл юм. Үүнийг хий дэмий сэжиглэж өөртөө нүгэл хураах ч гэж хэлдэг.
Дашрамд өгүүлэхэд, сэжгээс салж сүжгээр амьcгалахыг их хөлгөн гэдэг гэсэн үг ч байдаг. Үүнээс гадна буддын гүн ухаанд "хамтатган үзэх хүндэтгэл” хэмээх ойлголт байдаг бөгөөд энэхүү билэгдлийн чанартай зан үйлс ч түүнд хамрагдахыг үгүйсгэхгүй. Иймээс та юуны түрүүнд айж сэжиглэх биш, аливаа үйлийг сургаал номлол, учир шалтгааны үүднээс зөв цэгнэж, бас бусдад зөв мэдүүлэхийг хичээвэл зохилтой. Эс тэгвээс орчин үед гарцгүй газраар зам хөндлөн гарвал нүгэл гэхэд ч хүрч магадгүй нь байна шүү.
Дүгнэвээс, болгоомжилбол зохих болоод билэг бус, мөн түүнчлэн буруу үйл болгоныг нүгэлд тооцож түүгээр далайлгах нь өөрөө нүгэл юм.
Мэдээж шөнийн цагаар хумсаа авбал осолтой нь үнэн. Харин хэвтээгээрээ хоолоо идэх, орондоо дуу дуулах нь магадгүй хоолны шингэц, билэг дэмбэрэл, ёс зүй талаасаа яавч зөв үйл биш боловч эдгээрийг шууд нүгэлд тооцож түүгээр айлгах нь нүгэл юм.
Ер нь хүний амьдрахуйд түм буман нүгэл байдаг гэдэг ч, Бурхан багш тэдгээрийг зөвхөн 10 болгон багцалж авч үзсэн нь ч тохиолдлын хэрэг биш болов уу.
Хүний оршихуйд, Бурхан багшийн сургаалийн үүднээс тайлбарлагдахгүй нэг ч зүйл байдаггүй гэдэг ч, үйл болгоныг өөрийн дураар, санасны зоргоор хэтрүүлж тайлбарлах нь буруу юм.
Гэгээрэлд хөтлөх найман зөв зам мөрийн тухай сургаалийн хамгийн товч энгийн тайлбарт зөв дурсахуй буюу аливаа үйлийг бодолтойгоор үйлдэх, мөн үнэхээр үгийн тухай ойлголтод болгоомжгүй ярихгүй байх эсвэл "дуугүй байдал”-ыг сахих гэсэн агуулгууд бий. Үүнчлэн та бид үг үйл бүрээ сайтар бодож үйлдэх төдийгүй, бусдын үйлд ч бас бодолтойгоор дүгнэлт өгч сурах хэрэгтэй ажээ.
Харин нүгэл буяныг задлан шинжилсэн шинжилгээнд сэдлийг онцгойлон авч үзсэн байдаг. Хэрэв тухайн үйл сайн сайхан сэдлээр өдөөгдсөн бол түүний үр нь буян болоод амар амгалан байна. Харин муу сэдлээр өдөөгдсөн үйл нь нүгэл болох бөгөөд түүний үр нь зовлон авчирна гэдэг билээ.
Үүнтэй холбогдуулан лам багшаас сонссон нэгэн жишээг авъя. Турж эцсэн амьтанд хоёр хүн хоол өгч байгааг гаднаас нь хараад яасан сайхан сэтгэлтэй буянтнууд вэ хэмээн магтан сайшаахын сацуу бас баярлан бахдана.
Харамсалтай нь , тэдгээрийн сэдэл нь огт өөр байж болоход хамаг учир бий. Нэгдэх хүн "Хөөрхий энэ амьтан турж үхэх нь, энэнд хоол өгч аварч туслая” гэсэн сэдлээр ямар нэг амьтныг хооллож байхад, хоёр дахь этгээд "Энэ ч алж идэхэд арай л туранхай байна даа, жаахан таргалуулж байгаад "нударна даа” хэмээн бодож байваас энэ хоёр үйлдлийн, гадаад хэлбэр нь ижил боловч, нэг нь буян үйлдэж байхад, нөгөө нь нүгэл үйлдэж байна. Мэдээж эдгээрээс хэзээ нэг цагт хоёр өөр үр дүн гарна.
Иймээс бидэнд , өөрийн сэдэлт болон сэтгэлээ байнга хянаж байхыг буддын ном сургаальд онцлон анхааруулсан байдаг.
Үүнээс уламжлан бас нэгэн онигоо ярья. Залуу бүсгүй найз залуутайгаа гар гараасаа барилцан суухдаа: "Чи яг одоо юу бодож байна вэ” хэмээн асуухад найз залуу нь "Би, яг чиний бодож байгааг бодож байна” гэж хариулсанд бүсгүй "Паах, яасан муухай юм боддог юм бэ” гэсэн гэдэг.
Ингэхэд, бодол сэтгэлээ ямагт цэвэр ариун байлгах дадал чадварыг л хүмүүст олгохыг буддизм зоридог билээ. Онигоо гэснээс, хэн нэгнийг гутаан доромжлох санаа агуулаагүй инээд наргиа бол буян, харин далдуур боловч гутаан доромжилсон санаа агуулсан л бол нүгэл болно гэсэн байдаг.
Буддын сургаальд, нүглээс огоот татгалзаж, буяныг өөрийн зам мөр болгох ёстой гэж сургадаг нь угтаа буруу үйлд дадаж дассанаасаа салж, өөртөө зөв үйлийг дадуулахыг зөвлөж байгаа хэрэг юм.
Жишээлбэл, Хулгай хийхийг өөрийн дадал зуршил болгочихсон хүн хулгай хийхгүй бол шөнө нойр нь хүрдэггүй гэдэг. Үүнтэй адил хулгай хийхгүй байхыг өөртөө дадал болгочихсон хүн бусдын юмыг зөвшөөр өлгүй авчихвал сэтгэл нь хямраад мөн л нойр нь хүрэхгүй болчихно гэсэн үг.
Өнөөгийн ертөнц мэдээллийн ертөнц болж байгаа нь ч ихээхэн нүгэл дагуулж байна. Өнөөдөр сайнаасаа муу мэдээлэл түгээх нь дэндүү их байгаа юм. Учир шалтгааны онолын үүднээс авч үзвээс, чухам эдгээрээс л болж дайн дажин, аллага хядлага, байгалийн гамшиг тасрахгүй байна.
Холоос эрэх хэрэггүй, Монголын радио телевиз үүд, сонин хэвлэл, сайтууд ч сайн мэдээ түгээхээсээ илүү, хүмүүсийг түгшээсэн муу мэдээ тараадаг, хов ярьдаг, сенсаац дэгдээдэг, хэрүүл өдөөж нүгэл үйлддэг хэрэгсэлүүд болчихоод байна.
Ер нь, нүгэл буянтай холбогдуулан хэлэхэд, танд өөрт чинь ямар нэгэн онцгой сайн учрал, эсвэл золгүй явдал тохиолдлоо гэхэд: "би үүнд хүргэх ямар үйлийг үйлдсэн билээ” гэдгээ л бодож сурах хэрэгтэй юм. Чухамдаа, учир шалтгаангүй буюу үйл үрийн шүтэлцээгүй юм энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй билээ.
Далай багш айлдахдаа "Муу өдөр цагт байшин барьснаас, эсвэл муу өдөр цагт шинэ ажил эхэлснээс бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан Багш хэзээ ч бодож байгаагүй. Харин амьдралд тохиолдох золгүй явдлууд нь зөвхөн урд үйлдсэн муу үйлээс л үүддэг гэж сургасан. Тийм учраас төгс буянтад сайн муу өдөр цаг гэж байж болохгүй” гэсэн билээ.
Өгүүллийн эхэнд би, уур гэдэг их нүгэл боловч түүнээс салах амархан гэсэн. Түүнээс яаж салах вэ, хэмээвээс уурын ерөндөг нь ердөө л ухамсар. Уур болоод түүний уршгийг л та ерд өө ухамсарлачих хэмээн буддизм зөвлөдөг. Үнэндээ ухамсартайгаар уурлана гэж хэзээ ч байдаггүй. Уур байвал ухамсар байхгүй, ухамсар байвал уур байхгүй болчихдогийг та төвөггүй ойлгоно.
Үүнийг ойлгосноороо та нэгэн том нүглээс түргэн ангижрахаар болчихлоо. Танд баяр хүргэе. Харин том нүгэл гэхийн учир нь, ерөөс сэтгэлийн гэмүүдээс хамгийн их үр дагавартай нь уур хилэн хэмээн үздэгт оршино.
Тиймээс ч Мянган галавт өглөг түгээж
Мятрашгүй үнэнээр Буддаг шүтсэн
Гайхам буяны сайхан үр
Ганцхан уурлахад хийсэн арилдаг хэмээн "Бодьсадвагийн замнал” хэмээх бүтээлд өгүүлсэн байдаг гэсэн шүү.
Монгол Улс өнөөдөр арван мянган хүнд ноогдох оюутныхаа тоогоор дэлхийд хол түрүүлж байгаа нь боловсролыг шүтсэн буянлаг шалтгаантай юу гэвэл хараахан тийм биш байна. Хамар хашааны Доржийн, саахалт айлын Сампилын хүүхэд дээд сургуульд орчихсон байхад миний хүүхэд ч бас дээд сургуульд орох л ёстой гэсэн атаархал барьцаа, нөгөө талаас мөнгөө л төлж байвал тэдний хүүхдүүд ном сурах эсэх нь хамаагүй гэж үзсэн шунал хоёрын уулзвар дээр л дээрх тоон үзүүлэлтэд хүрсэн болохоос бус, сургалтын чанарын хувьд бол бид, үлэмж доод түвшиндөө байгаа билээ.
Сэтгэлээ эс номхотговоос нүгэл буюу муу үйл тасрахгүй хэмээн Далай лам айлджээ. Үнэндээ сайн хуульгүйгээс, эсвэл хууль мэдэхгүйгээсээ болж хүн хулгай хийж, бусдыг хорлодоггүй, харин сэтгэлийн хир буртгаасаа л болж аливаа муу үйлийг үйлддэг билээ.
Иймээс хүмүүсийн сэтгэлийг ариусгахтай холбоо бүхий арга хэмжээн үүдийг, хууль тогтоох болон хууль мөрдүүлэх ажиллагаануудаас ч дутууг үй түвшинд авч үзмээр байгаа юм.
Харин үйлийн үр нь маш үйлч үйл явц гэж үздэг. Энэ нь та нүгэл буюу сургааль номлолд харш үйл үйлдсэн л бол үр дагаврыг нь заавал амсана гэсэн санаа.
Үүнтэй холбоотой өөрийн үйлдсэн үйлийн үрээс зайлна гэж үгүй, өрөөлийн үйлдсэн үйлийн үрийг эдлэнэ гэж үгүй гэсэн томьёолол ч ном сударт байдаг юм.
Эцэст нь буяны талаар цөөн үг нэмж өгүүлье. "Бардах буянаас мартах буян илүү” гэдэг. Энэ нь би буян үйлдлээ хэмээн бардаж болохгүй төдийгүй, би буян үйлдэж байна хэмээн бодох ч хэрэггүй, ердөө л буян үйлдэх нь таны дадал заншил, хэвшсэн үйл болох ёстой гэсэн санаа юм. Үүнийг бас өөрийн үрдээ сүүлчийн хувцсаа тайлж өгсөн ч, өгч байна гэж үл бодох, өвчтэй хүүхдээ хэчнээн асарсан ч, асарч байна хэмээн үл санах эхийн сэтгэлтэй адилхан ч гэдэг.
"Сэтгэлээ цаг ямагт ариун байлгаж, буяны замаасаа бүү хазайгаарай” хэмээн Бурхан багш нирваанд орохынхоо өмнө, өөрийн дотны шавь нартаа айлдсан сүүлчийн номлолдоо өгүүлсэн байдаг юм.
Дэчин овогт Донторын Бухбат /Буддын гүн ухаан эхлэн судлаач, бэлтгэл хурандаа/
Зууны мэдээ