|
Видео

Шинэ мэдээ

Захиалгат коммент буюу ТРОЛЛ гэж юу вэ?

Захиалгат коммент буюу ТРОЛЛ гэж юу вэ?

Тролл буюу Internet troll хэмээх нэр томъёо сүүлийн үед цахим ертөнцөд гараад байгаа билээ. Монголоор бол зүгээр л комментчид гэж хэлж болох ч троллчид дэлхий нийтийг хамарсан асуудал болон хувираад байна. Юуны өмнө тролл гэж юу вэ гэдгийг авч үзье. Олон нийтийн сүлжээ болон мэдээллийн сайтын ямар ч мэдээний доор уншигчдын сэтгэгдэл байдаг. Гэхдээ яагаад ч юм харааж муулсан, доромжилсон өнгө аястай байх нь олонтаа. 2000 оноос цахим сэтгүүл зүй хөгжиж эхэлснээс хойш сэтгүүлчийн ажлыг хэр сонирхолтой бичсэнээр нь бус мэдээн дор нь хэдэн сэтгэгдэл байгаагаар нь үнэлдэг шинэ систем тогтож, сэтгүүлч өөрөө ч өөрийнхөө мэдээн дор сэтгэгдэл бичээд сууж байдаг үе иржээ. Сайтын мэдээн дор байгаа муулсан, загнасан сэтгэгдлүүдийг гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд л бичиж байна гэж нэг хэсэг ярьж байсан ч хандалтаас нь харахад худал гэдэг нь батлагдсан билээ.

Сүүлдээ хүн доромжлох нь хэрээс хэтэрсэн тул Засгийн газраас сэтгэгдэл бичихэд хэрэглэж болохгүй үгийн жагсаалт гаргаж, цэгцлэх гэж оролдсон. Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно; гэсэн үг бий. Стресстсэн нэгэн гомдлоо тайлах гэж сэтгэгдэл бичих нэг өөр. Харин зохион байгуулалттайгаар, цалин мөнгө авч, тодорхой хэн нэгний эсрэг дайрч довтлон, нийгмийг өдөөн хатгаж, олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг зорьдог хэсэг бүлэг хүмүүсийг тролл гэдэг байна. Тэд цахим сүлжээнд хэрүүл маргаан дэгдээх атгаг санаа өвөрлөн орж ирж, худал хуурмаг мэдээлэл тараан, элдэв самуун бослого, хөдөлгөөн гаргахыг уриалдаг. Энэ нэр томъёо англи хэлний trolling буюу дэгээгээр загас барих гэсэн үгнээс гаралтай гэх ч Эртний Скандинавын домгийн Тролл хэмээх хорон санаат мангасын нэрээр нэрлэсэн гэх тайлбар ч бас бий. Өөрөөр хэлбэл, төлбөртэй комментчид энэ мангас шиг л адгийн амьтад гэсэн санаа юм.2003 оноос троллчид нэгдэн, зохион байгуулалтад орж, хаана, хэзээ ямар маргаан дэгдээхээ хэлэлцдэг болсон гэдэг. Тэд олон нийтийн сүлжээ, чаат, форум, цахим сайтад нэрээ нууцлан орж, элдэв маргаан дэгдээдэг бөгөөд хэн ч тэднийг тролл гэж мэдэхгүй арганд нь орж, даган хуйлардаг аюултай. Троллыг илчлэхэд амаргүй ч бичсэн зүйл, дайрсан аргаар нь тогтоох боломж бий.Тролл улс болгонд бий. Хятадад тэднийг white eye цагаан нүд, Японд цүри загасчлал, Өмнөд Солонгост nak-si загасчлал, Тайландад krean мулзан толгой гэж нэрлэдэг.

Сүүлийн үед троллчдыг улс төр, бизнес, шоу ертөнцөд PR хийх гол зэвсэг болгон ашиглах болжээ.Троллчид худал хуурмаг мэдээлэл тараан олон нийтийн санаа бодлыг эргүүлэх, өрсөлдөгч этгээдийн нэр хүндийг богино хугацаанд унагаах зэрэг хөлсөлсөн эзэндээ давуу тал олгодог бохир хэрэгсэл юм.Дэлхийд хамгийн анх троллыг судалсан эрдэмтэн Жудит Донат "Авьяаслаг, чадвартай тролл бүхэл бүтэн улс орон, нийгэмд ч эмх замбараагүй байдал үүсгэж чадна. Тэд нийгмийн давхарга хооронд хэрүүл маргаан үүсгэж, хэвлэл мэдээллийг ашиглан бослого хувьсгал ч гаргах чадвартай. Сүүлийн үед цахим технологи, олон нийтийн сүлжээнд гарч байгаа хөгжил, шинэчлэлийг хараад байхад тролл гэдэг шинэ ажил, мэргэжил ч гарч ирэх магадлалтай.Эдийн засагч, сэтгүүлч, улс төр судлаач хэн ч гэсэн тролл болж болно гэж ярьж байна. Гэхдээ үнэндээ бол тролл хэмээх мэргэжил хэдийнэ бий болоод байгаа нь нууц биш. Араб, Зүүн Европын орнуудад гарсан өнгөт хувьсгал, Азид эхэлсэн эдийн засгийн хямралд ч троллчид тодорхой үүрэгтэй оролцсон.Аль ч улсын Засгийн газар хэрэгжүүлж буй бодлогоо ард түмнээр дэмжүүлэхийн тулд тролл буюу комментчдийг өргөн ашиглаж байна. Ялангуяа манай хойд хөрш ОХУ-д троллчдыг ашигладаг өргөн хэмжээний сүлжээ үүсэж, Засгийн газраас нь оролцож байж ч магадгүй гэсэн мэдээлэл бий. Тус улсын сөрөг хүчний томоохон удирдагч С.Немцовыг алуулахад троллчид В.Путинд энэ аллага ямар ч ашиггүй, энэ бол гадаадынхны хийсэн ажил гэдэг сэтгэгдэл, бичлэгээр олон нийтийн сүлжээг өдөр шөнө 24 цагийн турш бөмбөгдсөөр байгаад ард түмний сэжиг, хардлагыг гадаадын тусгай албадад шилжүүлж чадсан гэдэг. 

Өнгөрсөн оноос хойд хөршийн хэвлэл мэдээллээр "Интернэт оператор ажилд авна.Тансаг оффист үнэгүй хоолтой ажил таныг хүлээж байна. Хийх ажил Сайт цахим хуудас, блог, олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичих.Цалинг гүйцэтгэлээр олгоно” гэсэн зарлал гарч эхэлжээ. Зарлалаас харахад л ямар ажил гэдэг нь ойлгомжтой. Зарим үед ямар ч гэм зэмгүй бараа үйлчилгээ сурталчилдаг ч архаг троллчдод улс төр, эдийн засгийн том асуудал хариуцуулна.Санкт-Петербург хотын нэгэн тролл компани ихэнх орлогоо худалдаа үйлчилгээнээс олдог. Тэд худалдан авагчдад хаана, ямар бараа зарж байгааг мэдээлдэг интернэт цахим сайтуудтай гэрээ байгуулж, сэтгэгдлээр сурталчилгаа явуулдаг ажилтай. Тус компанийн захирал Андрей "Бараа болгоны тайлбарын доод талд хэрэглэгч нар сэтгэгдэл үлдээсэн байдаг.

Гэхдээ жирийн хэрэглэгч нар түрүүлж сэтгэгдэл бичихдээ хойрго улсууд.Бид түрүүлж барааг магтан, жирийн иргэний өмнөөс сэтгэгдэл үлдээх ажил хийдэг. Өдөрт 100 сэтгэгдэл бичих нормтой.Гэхдээ бид дан ганц бараа сурталчилдаггүй, ямар захиалга ирнэ, бүгдийг нь чанарын өндөр түвшинд хийж өгдөг” хэмээн ярьж байна. 

МЭРГЭЖЛИЙН ТРОЛЛЧИЙН ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРИЛЦЛАГА

Саяхан ОХУ-ын "Новая газета” сонинд мэргэжлийн троллчтой хийсэн ярилцлага гарсан нь олны анхаарлыг энэ асуудалд хандуулах зайлшгүй шаардлага байгааг харуулсан юм. Биологи, газар зүйн багш, гадаадын хэд хэдэн хэлтэй, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй Марат Миндияров ингэж ярьж байна. Амьдралын шаардлагаар тэр "Интернэт судалгаа” хэмээх тролл компанид хэсэг зуур ажиллаж байжээ. 

Та энэ ажлыг яаж олсон бэ? Бусдын адил зарлалаар уу?

Үгүй. Намайг зочид буудалд ажиллаж байхад нэг тролл тэнд байрлаж байсан юм. Ямар ажил хийдгээ надад яриад л. Жуулчны улирал дуусаад мөнгө хэрэгтэй байсан болохоор "Интернэт судалгаа” компанид ажилд орсон.

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу? 

Ямар ч гэрээ байгуулаагүй. Энэ ажлын талаар хэнд ч, юу ч ярихгүй гэсэн гэрээнд л гарын үсэг зурсан. Надад мөнгө хэрэгтэй байлаа. Гэрийн ойролцоо байсан болохоор би ямар компанид ажилд орох гэж байгаагаа сайн мэдэж байлаа. Мөнгөнөөс гадна энэ ажил сонирхол татаад байсан юм. Дэлхийд хаана ч байхгүй сонирхолтой ажил шүү дээ.

Тэгээд яагаад ажлаасаа гарсан хэрэг вэ?

Ажиллахад хэцүү байсан. Миний өөрийн үзэл бодол бичиж байгаа зүйлтэй минь зөрчилдөж эхэлсэн. Ямар үзэл бодолтой хүн бэ гэдгээ би ажилд орохдоо хэлээгүй. Учир нь намайг авахгүй байж болох байлаа. Худал хуурмаг юм дандаа бичээд байхаар галзуурчихаж ч магадгүй болоод ирсэн юм.

Та ямар хэлтэст ажиллаж байв?

Форум хариуцсан хэлтэст. Манай хэлтэс мэдээ, нийтлэл, гэрэл зургийн дор сэтгэгдэл бичих үүрэгтэй. Байнга сэтгэгдэл бичээд л, асуултад хариулж, заримтай нь хэрэлдэж маргалддаг байлаа.

Ямар сэдвээр маргалддаг гэж? 

Янз бүр. Үндсэндээ бол троллчид ихэнхдээ хоорондоо маргалддаг.Ямар нэгэн асуудлаар сэтгэгдэл бичих ажил ирлээ гэж бодъё.Бид дайсан сайн тал гэж хоёр хуваагдан ажилладаг байсан. Дайсан хэн нэгний эсрэг хандсан, муулсан зүйл бичиж, бид харин нөгөө хүнийг дэмжин сэтгэгдэл бичдэг байлаа. 

В.Путин мэдээж троллчдын маргааны гол сэдэв байх?

В.Путинээс гадна АНУ, Барак Обама, Европын Холбоо, Украин, Порошенко, Янукович, БХЯ, Шойгу гэсэн хэд хэдэн гол сэдэв бий. Порошенко, Саакашвили, Обама, Меркель нарыг бол муулаад л байх ёстой. 

Та хэнд зүтгэж байгаагаа мэдэж байсан уу?

Манай компани хувийн гэсэн нэртэй ч Кремлиэс заавар авдаг байсан байх гэж би боддог. Надад ирсэн хамгийн тэнэг даалгавар бол Обамагийн талаар байлаа.Америкийн Ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байхдаа бохь зажилж байгаад дуранд өртөж. Тэр дороо бохио хаясан ч гэсэн энэ талаар 1000 сэтгэгдэл бичих хэрэгтэй болсон.Жирийн нэг сэтгэгдэл биш аль болох муулж, доош нь хийсэн юм бичих ёстой. Ингэсээр байгаад сүүлдээ Обама бохь зажилахаас өөр юм мэдэхгүй хар сармагчин болж хувирсан. Тэнэг инээдтэй юм шиг хэрнээ нөгөө талаас нь харвал гунигтай ажил байсан. 

Троллчидтой хамт ажиллаж байхдаа найз нөхөдтэй болов уу?

Тэд найзлаад байдаг улсууд биш. Маш завгүй болохоор хоорондоо ч бараг ярьдаггүй. Өрөөнөөсөө гарахгүй арван хэдэн цаг сэтгэгдэл бичээд л сууна шүү дээ. Манай компани 40 өрөөтэй, өрөө болгонд 20 тролл суудаг.Хүн болгон өөрийн гэсэн хийх ажилтай тул юун танилцаж, инээж хөөрөх манатай. Харин ч инээсэн хүнийг ажлаас шууд халдаг байсан.Цалин гайгүй өгдөг байсан болохоор юм л бол торгож, ажлаас хална гэж айлгадаг байлаа. Ажлын өрөө гэж бараг шорон л гэсэн үг. Нэг минут хоцроход 500 рубль, буруу сэтгэгдэл бичвэл 1000, буруу зураг тавьчихвал 5000 рублийн торгуультай. Энд тэндгүй камер зоосон, өрөө болгонд бичиж байгаа зүйл, хянадаг гурван харгалзагчтай. 

Ажлын норм хэмжээ ямар байв? 

Маш ачаалалтай. Өдөрт доод тал нь 135 сэтгэгдэл, 200 тэмдэгт бичих ёстой.Огт хуулж болохгүй, бүгдийг өөрөө бичих шаардлагатай байсан. 

Та тэгээд бардаг байв уу?

Бурхан минь, арай ядан гүйцэтгэдэг байлаа. Энэ чинь өдөрт сонингийн гурван нүүр хийж байна гэсэн үг шүү дээ. 

Ийм их юм бичиж туурвихаар чинь Лев Толстой болчихлоо гэж бодох үе байв уу? 

Чанаргүй, тэнэг сэтгэгдэл бичээд байхаар хэн өөрийгөө Л.Толстой гэж бодох билээ дээ. Ажлын норм их байхаар хүнтэй ч чанар чансаатайхан маргалдаж амжихгүй. Секундэд хоёр мөр бичихгүй бол нормоо биелүүлэхгүй. Дээр нь шөнийн ээлж гэж бий. Тролл бол үнэхээр 24 цаг интернэтийн өмнө суудаг.

Троллч гэж яг ямар хүмүүс байна вэ? 

Ихэнх нь 20 орчим насны залуус. Бичиж байгаа юмандаа итгэдэг тролл ч бий. Тэд маш аймшигтай. Янз бүрийн их, дээд сургууль төгссөн гэж байгаа ч үнэндээ ямар ч боловсролгүй.Бичиж байгаа сэтгэгдлүүд нь цул алдаа, бараг бичиг үсэг мэддэггүй гэмээр. Улс төрийн талаар ямар ч мэдлэггүй, юу гэж сэтгэгдэл бичихээ мэддэггүй хүн ч байсан.

Бичиж байгаа сэтгэгдлийнхээ талаар хоорондоо ярьдаг уу?

Үгүй. Өдөржин бичиж биччихээд цайны цагаар бас яриад байвал галзуурна шүү дээ.Би цалингаа аваад л маргаашаас нь ажилдаа очоогүй.Угаасаа солиорох дөхөөд гарахаар шийдээд байсан юм. Дахиж хэзээ ч ийм ажилд орохгүй. Бодоод үз л дээ. Олон улсын гэрэл зургийн "World Press photo” уралдаанд түрүүлсэн Данийн гэрэл зурагчны зураг доор сэтгэгдэл бичих даалгавар ирлээ. Санкт-Петербург хотын хосуудын зураг, гэхдээ ижил хүйстнүүд юм. Тийм болохоор нь л муулах ёстой гэнэ. Манай ажлын троллчид ч янз бүрээр сэтгэгдэл бичиж эхэллээ. Гэрэл зураг ямар буруутай гэж. Ингээд л ажлаас гарах болсон.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler