|
Видео

Шинэ мэдээ

Гарьд Б.Гончигдамбын анхны түрүү

Баянгол дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан "Жанрайсаг бурханы авшиг”  Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө эхэллээ.

Барилдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамц нар нээж үг хэлсэн бөгөөд барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба, заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, өсөх идэр начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр тэргүүтэй 224 бөх зодогложээ.

Энэ барилдааны түрүү бөх 3 сая, үзүүр бөх 1.5 сая, их шөвгийн бөхчүүд 1 сая төгрөгийн бай гардах юм.

Өнөөдрийн барилдаанд улсын начин Р.Цоггэрэл, У.Балжинням нартай хамт улсын начин Б.Одхүү, Даш.Батбаяр хөлийн цэцээр ажиллаж байна. Ахмад бөхчүүдийг хөлийн цэцээр ажиллахаар бөхчүүд болон үзэгчид "Барилдаанаа сайн харахгүй байна, нүд нь гүйцэхгүй байна” гэх зэргээр шүүмжлэх нь бий. Тиймээс сүүлийн үед ихэвчлэн дунд насны бөхчүүд хөлийн цэцээр ажилладаг болоод байгаа. Тэрдундаа Одхүү, Батбаяр нарын идэрхэн бөхчүүд ийнхүү эргээд бөхдөө ажиллах болж байгаа нь нэн талархалтай хэрэг юм.

Энэхүү барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар спорт хороо, Хөтөлийн цемент шохой ХК-ны бөх, улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Керамик компаний бөх, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв.

Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар шалгарав.

Өнөөдрийн барилдаанд 29 улсын зодоглосон агаад нэгийн даваанд бүгд учраа бөхөө давжээ. Харин а.х.а Ш.Мөнгөнбаатар, Б.Дэлгэрсайхан, О.Баярхүү, Н.Баттүвшин, Т.Мягмарсүрэн, Н.Мустафа, Г.Ганням, Г.Баяржавхлан, Н.Баярбаатар, Т.Сайханжаргал, Б.Уугандаваа, П.Эрхэмжаргал нарын арслангууд өвдөг шорооджээ. Хоёрын даваанд заан Б.Соронзонболд, начин И.Ёндонсамбуу, Н.Бүрэнбаатар, С.Батсуурь, Ч.Цогбаяр нар тахим буулгажээ.

Гурвын даваанд олон сонирхолтой барилдаан гарснаас заримыг нь дурдвал а.а Ц.Цогт-Эрдэнэ у.х Ө.Даваабаатарыг хонгодоод хөөхөд дагуулж хөмрөөд тун чиг даацтай газардуулж, а.а М.Бадарч у.н Б.Амарзаяаг холоос тохоход нь гэдрэг нь дараад, а.з М.Даваасүрэн у.н Б.Бадамсүрэнг сэнжигнээс дунгуйлдаж татаад, у.н Л.Лха-Очир а.а Б.Батдоржийг мушгиж гуядаад, у.н Бо.Батжаргал а.а Ц.Чимэддоржийг татаж, хавираад, а.х.а Б.Эрдэнэхүү а.а Б.Чимэдванданг шахаж татаад тавихдаа тэрүүхэнд нь мушгиад давсан зэрэг барилдаан үзэгчдийг багагүй өндөлзүүлсэн, шуугиулсан сайхан барилдаанууд болов.

Баянгол дүүрэгт амьдардаг у.а Н.Батсуурь, у.з Д.Бумбаяр, у.н Э.Энхбат, Ш.Уламбаяр, Б.Амарзаяа нарын бөхчүүдэд дүүргийн 50 жилийн ойн медаль дурсгалын зүйлтэй хамт гардуулсан бөгөөд тэдэн дотроос улсын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн арслан Батсуурьт хивс хамт гардуулав.

Дөрвийн давааны оноолтод гуравхан хоногийн өмнө улс тунхагласны ойн барилдааны дөрөвт мөн таарсан у.х Б.Пүрэвсайхан а.а О.Хангай нар дахин таарч даваа дуустал хүчийг үзээд Хангай давхар шуудагнаас түрэнгүүт мушгиад давсан бол у.х Ө.Бат-Орших а.а Ц.Цогт-Эрдэнийг хөмрөхөд нь үлдээд, а.з Даваасүрэн холоос тахимдах гээд дайрахад Батсуурь арслан дагуулж татаад, а.а Бадарч начин Э.Энхбатыг сугадаж шигшингүүт бяралхаж мушгиад, Бо.Батжаргал Л.Цэрэнтогтохыг тавхайлдаад давцгаалаа. Өндөр Баянмөнх Дашийг давуулж гуядахад Даш унаж явахдаа өөр дээгүүрээ давуулан өндөр начинг шидсэн боловч өөрөө арай түрүүлээд газардчихсан юм. Бас л ганган барилдааны нэг байсан шүү. Баасанхүү Лха-Очир начингуудын барилдаан тийм гээд хэлэхэд хэцүү их л сонирхолтой барилдаан болсон доо. Хоёр хоногийн өмнө харцага цолныхоо мялаалгыг амжилттай өргөн дэлгэр хийсэн Батзаяа энэ даваанд ц.а Л.батзоригийг барьц сонгон давлаа.

Тавын даваа эхлэхийн өмнө Цагаан өвгөн бөхийн өргөөнд заларч буян хишгээсээ үзэгч олонд түгээв.

Даваа эхлэнгүүт харцага Бат-Орших Бадарчийг сэнжигнээс татангуут хонгодоод шидчихсэн бол Бо Батжаргал, Баянмөнх начинг сэнжигнээс гуд татаад л хаячихна лээ. Өсөх-ирээдүй харцага а.а Хангайг сугадаж мушгиад, Гончигдамба Цацабширийг шахаж татахад нь тэрүүхэнд мордоод, Батсуурь арслан Гантулга начинг дүүгүүр маягаар эргүүлээд, Баасанхүү начин харцага Батзаяад барьц сонгуулан өргүүлээд газар тавингуут нь сөрж мордоод тус тус хаячихсан юм.

Зургаагийн даваанд Бүрэнтөгс арслан цолны эрэмбээр гоц мөргөж, Гончигдамба Бо.Батжаргалыг сугадангуут шигшиж мушгиад л, Батсуурь арслан Өсөх-Ирээдүй харцагыг амалж аван давхар шуудагнаас татангуут сөрж хутгаад, Бат-Орших Баасанхүүтэй тунаж тахимдаад давцгаалаа.

10 жилийн өмнө болсон Баянгол дүүргийн 40 жилийн ойн барилдаанд 128 бөх барилдсанаас дархан аварга А.Сүхбат түрүүлж, заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэж байжээ.

Улс тунхагласны барилдааны их шөвөгт Бүрэнтөгс Гончигдамбыг амалж давсан бол энэ удаа их шөвөгт дахин амалж Батсуурь Бат-орших нарыг тунаалаа.

Барилдааны явцад Бүрэнтөгсийн мэхэнд Гончигдамба тэнцвэр алдан золтой гэдрэг суучих дөхсөн агаад өрөөсөн гараараа газар тулан тогтоод маш хурдтай эргэж Бүрэнтөгсийг гуд татан дөрвөн хөллүүлж, ард нь гараад тэвэрч гуд татан өвдөглүүлсэн юм. Харин Бат-Орших Батсуурийг зайлж гуядаад давчихав.

Ийнхүү Гончигдамба, Бат-орших нар түрүү булаалдсанаас гарьд давж, харцага үзүүрлэв.

Гурвын даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–А.Сүмбээ а.а
  2. Н.Батсуурь у.а–н.Ширчинхүү с.з
  3. Б.Гончигдамба у.г–Д.Төрболд а.н

4.    Ц.Содномдорж у.х–Б.Батдорж а.н

5.    Ө.Бат-Орших у.х–Давж.Батбаяр а.а

6.     Т.Өсөх-Ирээдүй у.х –Х.Алтансүх а.з

7.    А.Цацабшир у.х –Г.Энхбилэг а.х

8.    Б.Пүрэвсайхан у.х–Б.Хаш-Эрдэнэ а.а

9.    Н.Батзаяа у.х–Д.Тамир а.а

10.Ө.Даваабаатар у.х Ц.Цогт-Эрдэнэ а.а

11.Э.Энхбат у.н–П.Батсүх а.а

12.Ш.Уламбаяр у.ө.и.н–Э.Энх-Амгалан а.х

13.Д.Цогзолдорж у.н –Д.Амарсайхан а.а

14.Л.Гантулга-Ц.Ганбат а.н.н

15.Л.Нямсүрэн у.н –Ж.Алтаншагай а.а

16.Ч.Баянмөнх у.н–Б.Бат-Орших а.а

17.А.Батмөнх у.нЧ.Хөхчирэнгэр а.а

18.Б.Амарзаяа у.нМ.Бадарч а.а

19.Л.Цэрэнтогтох у.н –М.Баасанбат а.а

20.Т.Баасанхүү у.нН.Эрдэнэчулуун а.а

21.Б.Бадамсүрэн у.нМ.Даваасүрэн а.з

22.Л.Лха-Очир у.н –Б.Батдорж а.а

23.29.Бо.Батжаргал у.н–Ц.Чимэддорж а.а

24.30.Э.Даш у.н –Б.Түмэндэмбэрэл а.з

25.Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Чимэдвандан а.а

26.Н.Жаргалбаяр а.х.а –Х.Гантулга а.а

27.Л.Батзориг ц.а–Б.Бат-Өлзий а.а

28.О.Хангай а.а–Б.Тайван а.а

Дөрвийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–Э.Энх-Амгалан а.х
  2. Н.Батсуурь у.а–М.Даваасүрэн а.з
  3. Б.Гончигдамба у.г–Ж.Алтаншагай а.а

4.    Ц.Содномдорж у.х–Х.Гантулга а.а

5.    Ө.Бат-Орших у.х–Ц.Цогт-Эрдэнэ а.а

6.     Т.Өсөх-Ирээдүй у.х –Д.Амарсайхан а.а

7.    А.Цацабшир у.х –Ч.Хөхчирэнгэр а.а

8.    Б.Пүрэвсайхан у.хО.Хангай а.а

9.    Н.Батзаяа у.х–Л.Батзориг ц.а

10.Э.Энхбат у.н –М.Бадарч а.а

11.Л.Гантулга-Б.Эрдэнэхүү а.х.а

12.Ч.Баянмөнх у.н–Э.Даш у.н

13.Л.Цэрэнтогтох у.нБо.Батжаргал у.н

14.Т.Баасанхүү у.нЛ.Лха-очир у.н

Тавын даваа

  1. П.Бүрэнтөгс у.а –Х.Гантулга а.а
  2. Н.Батсуурь у.а–Л.Гантулга у.н
  3. Б.Гончигдамба у.г–А.Цацабшир у.х

4.    Ө.Бат-Орших у.х–М.Бадарч а.а

5.    Т.Өсөх-Ирээдүй у.х–О.Хангай а.а

6.    Н.Батзаяа у.х –Т.Баасанхүү у.н

7.    Ч.Баянмөнх у.нБо.Батжаргал у.н

Зургаагийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а–гоц мөргөсөн
  2. Н.Батсуурь у.а–Т.Өсөх-Ирээдүй у.х
  3. Б.Гончигдамба у.г–Бо.Батжаргал у.н

4.    Ө.Бат-Орших у.х–Т.Баасанхүү у.н

Долоогийн даваа

  1. П.Бүрэнтөгс у.а –Б.Гончигдамба у.г
  2. Н.Батсуурь у.а –Ө.Бат-Орших у.х

Наймын даваа

  1. Б.Гончигдамба у.г –Ө.Бат-Орших у.х

/түрүүлсэн/              /үзүүрлэсэн/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler