Монголын үрс морин туурайд чирэгдэж амиа алдсаар байх уу ...
Энэ сарын 12-нд Ховд аймгийн Дөргөн суманд "Амар-Амгаланг эрэлхийлэгч майдар хийд”-ээс "Майдар эргэх ёслол” зохион байгуулсантай холбогдуулж орон нутийн иргэд гурван насны морь уралдуулжээ.

Харамсалтай нь соёолон насны морьдын уралдаанд оролцсон нэг хүүхэд амиа алдсан байна. Ямар учир шалтгаанаар амиа алдсныг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Харин Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх ярихдаа "Тухайн хүүхэд яг уралдааны явцад мориноос унаагүй. Харин морь гарааны төхөөрөмжид толгойгоо цохиулаад уламаар мориноосоо унаж бэртсэн юм байна. Хүүхдийг бэртэнгүүт тус сумын яаралтай түргэн тусламжийнхан аваад шууд аймаг явсан байна.

Тэгээд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд шилжүүлэх үедээ манай Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт мэдэгдсэн. Хүүхэд эмнэлэгт очоод хоёр удаа хагалгаанд орсон. Тархины бяцралттай гэсэн оноштой байсан учраас ямар ч найдваргүй гэдгийг эмч нар нь хэлж байсан. Ингээд хоёр хагалгаа хийсэн ч нэмэр бололгүй, ухаан орохгүй байсаар амиа алдсан харамсалтай явдал боллоо” гэсэн юм.

"Майдар эргэх ёслол” гэж өнгөрсөн баларсан үеийн үйл ажиллагаа зохион байгуулаагүй, морь уралдаагүй байсан бол өнөөдөр 11 настай хүүхэд амьд мэнд, ээж аавынхаа халамжинд өсөн торних байлаа. Хачирхалтай нь амиа алдсан хүүхдийн эцэг, эх нь хурдан морь унаж байгааг нь огт мэдээгүй, уралдаан зохион байгуулагчид эмээ, өвөөгөөс нь зөвшөөрөл аваад морь унауулсан тухай мэдээлэл гарсан.
Ямартай ч өвлийн цагт хурдан морь уралдуулахгүй гэсэн шүүхийн шийдвэр гарчихаад байхад цагаан сарын дараа хэд хэдэн газар уралдаан болсон. Хуулийн дээгүүр гишгэлдэг эрх мэдэлтнүүдийн балгаар өнөөдөр Монголын ирээдүй болсон хүүхдүүд цаг бусаар хорвоог орхин явсаар байна. Өвөл, хавар, зуны морин уралдаануудад оролцож байхдаа хичнээн хүүхэд унаж бэртэн, тахир дутуу болж, цаашлаад амиа алдсан тоог энд бичих нь илүүц биз.

Үүнд иргэд өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ "Энэ тохиолдолд орон нутгийн иргэдийг буруутгах аргагүй. Гол асуудал нь төрдөө байгаа. Шүүхийн шийдвэрийг төр засаг, сайд дарга нар, уяачдын холбоо нь анхнаасаа зөрчөөгүй, хуулиа хүндэтгэсэн бол ийм асуудал гарахгүй байсан” гэсэн билээ.
"Дүнжингарав” уралдааныг зохион байгуулаагүй байсан бол орон нутагт бусад уралдаан цуцлагдах байсан. Гэвч эцсийн дүнд хууль, шүүхийн шийдвэр хүчин мөхөсдөж морь уралдсан. Хүүхэд хаврын жаварт дааран байж морио унасан. Эрхтэн дархтангууд бах таваа хангаж, морь, хүүхэд хоёроо зовоож чадсан.
Өвлийн цагт хурдан морь уралдуулдаг Монголын энэ "нүгэл” ч гэж хэлж болох гажиг үйл хэзээ төгсгөл болж, хэзээ Монголын үрс морин төвөргөөнд чирэгдэлгүй амар амгалан өсөх юм бол.

ЭХ СУРВАЛЖ: PHOTONEWS
