|
Видео

Шинэ мэдээ

Эсэргүүцэгчдийг нухчин дарах арга харийн оронд боол болгон цөлөх үү

Улстөрчдийн арга улам л нарийсч байх шиг. Татвараас зугтаж оффшор дансанд мөнгөө хадгалуулна. Тэрийг нь илрүүлчихээр уучлалт гуйх нэрийдлээр давхар дээлээ тайлах эсвэл "Огт тийм асуудал байхгүй” гэж ирээд л хэвлэлийн бага хурал хийнэ. Уг асуудлыг нь судлахаар хилийн дээс алхах гэж байгаа сэтгүүлчийн хил нэвтрэх эрхийг нь хасна гээд л хөвөрнө.

 

 

Ард түмнээ өөрсдийн үгэнд итгүүлж, үгнээсээ гаргахгүй байхын тулд ОУВС-аас тулган шаардсан нэрийдлээр Орон нутгийн хурлын сонгуулийн өмнөхөн авч хэрэгжүүлнэ гэж байсан татварын нэмэгдлүүдээ одоо төсвийн тодотголд тусгуулах гэж байх жишээний. Энэ бүхэн нь мэдээж эсэргүүцэлтэй тулгарна. Түрүүчээсээ ээжүүд нүцгэн жагсаал хийгээд эхэлчихсэн. Иргэд эвлэлдэн нэгдээд ард түмний нэгдэл бий болж байна.

 

 

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгос руу ид хөдөлмөрийн насны залуусыг олноор нь гэрээгээр ажиллуулах гэрээ хэлэлцээр хийгдэж, ажил хэрэг болж байх шиг байна. Эхний ээлжинд 1500 иргэн авч ажиллуулахаар болсон юм байх. Сарын 280 мянган төгрөгний цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараа нэмүүлж эх орондоо хөсөр хаягдаж байхаар гэж шийдсэн залуус маань Монголоос дайжиж эхэллээ. Энэ бол улстөрчдийн эх орныг маань эзэнгүйдүүлэх гэсэн бодлогын нэг илрэл. Яг л хөдөөг эзгүйрүүлж байгаад газар нутгийг нь харийнханд зарах лугаа адил. Аймгуудын удирдлагууд газар нутгаа харийнханд зараад эхэлчихсэн байсан нь түрүүчээсээ ил болж байгааг бид өдөр тутамдаа мэдэрсээр байгаа билээ.

Ямартай ч хэлснийг нь эсэргүүцдэггүй, хийснийг нь буруутгах чадваргүй хэдэн тэтгэврийн хөгшид, халамжинд дулдуйдагсад монголд үлдээж, өөдөөс нь цор цор хийгчдийг нухчин дарах арга олсон нь харийн оронд боол болгон цөлөх бололтой дог шүү. Ээ дээ, энэ улстөрчдийн арга улам л нарийсаад байх юм.

 

 

Гэхдээ улстөрчид маань  эндүүрч байна. Элэг нэгтнүүд маань хаа холын орноос ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлээ гээлгүйгээр, та бүхний үг үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж байдаг юм шүү. Авлигын загалмайлсан эцэг гэгдээд байгаа С.Баярыг УИНВУ-д Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар томилсныг эсэргүүцэж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрөөр хаа холын Лондонд элэг нэгтнүүд маань эсэргүүцлээ илэрхийлсэн. Улаанбаатарын утааг эсэргүүцэж, АНУ-д амьдардаг монголчууд маань ч жагсаал хийснийг сануулах гэсэн юм. Биднийг хэдэн тийшээ салгаж, харьд боолоор илгээсэн ч эх орноо гэсэн сэтгэл хэзээ ч үгүй болохгүй гэдгийг тооцоолох хэрэгтэй байсан юм. 

 

У.Жанцан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler