Хэрэгжүүлэхэд хэцүү прайвеси
Прайвеси (англ: Privacy) хэмээх үгийг монгол үгээр оноож орчуулж болдоггүй. Өрнөдийн, ялангуяа Британи, АНУ-ын соёлыг тусгадаг энэхүү үгийн утгыг хайж үзвэл "Нэг, эс бөгөөс нэг хэсэг хүн өөрсдийгөө юм уу, өөрсдийнхөө тухай мэдээллийг нийгмийн бусад хэсгээс тусгаарлах чадвар” хэмээн тайлбарласан байх нь тааралдана. Өөр нэг түгээмэл тайлбар нь "Хувийн амьдралын халдашгүй байдал”. Энэ үгний ард мөн хувь хүний эрх чөлөө, мэдээллийн нууцлал зэрэг ойлголт ч давхар нуугдаж байгаа.
Хувийн мэдээллийг хамгаалах нь хурцадсаар байгаа ч асуудлын шалтгаан нь өөрчлөгдөв
Прайвеси нь үйлдвэржилт, хотжилт эрчээ авсан сүүлийн зуу гаруй жилд үүсч хөгжсөн "залуу” ойлголт. Гэхдээ мэдээллийн технологи эрчимтэй хөгжсөн үеэс шинэ утгаар баяжин онцгой чухал болж хувирчээ. Интернэтийн ачаар компьютер, гар утас, таблет хэрэглэдэг хүн бүхэн дэлхий дээрх байршлаасаа үл хамааран холбоотой болж хувирлаа. Чухам энэ үеэс хүмүүс хувийн амьдралын халдашгүй байдалдаа хавьгүй илүү санаа зовж эхэлсэн.
Юу хийж байгаа, юу хийсэн, юу хийхээр төлөвлөж буйгаа интернэтээр анд нөхдөдөө дэлгэх, бусдын саналыг сонсох нь залуусын амьдралын тренд болов. Гэтэл энэхүү тренд анхаарвал зохих асуулт тавьж байна. Та сүлжээгээр бусадтай хэдий чинээ харилцана, интернэт дэх мэдээлэл тань бусдынхыг ч оролцуулаад төдий чинээ ихсээд л байна. Энэхүү мэдээлэл цаасан захиа шиг устаж алга болохгүй, бараг л мөнх.
Бас нэг "хачин” нь өөрийн тань интернэтэд энд тэнд, тархай бутархай байршуулсан бүх мэдээлэл заавал ч үгүй хоорондоо холбогдоно. Холбоостой мэдээллийг цуглуулаад өөрийн тань эсрэг ашиглах боломж нээлттэй. Иймд та интернэтэд хэчнээн их мөр үлдээнэ, хувийн амьдралын тань халдашгүй байдал буюу privacy төдий чинээ хэврэг болж буй хэрэг.
Прайвеси буюу хувийн амьдралын халдашгүй байдлыг дэлхийн улс орнууд Үндсэн хуулиас гадна ихэвчлэн Хувийн өгөгдлийг хамгаалах тухай хууль гэсэн нэртэй тусгай хуулиар зохицуулж хамгаалдаг. Монгол улсад тусдаа хууль байхгүй ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дугаар заалт, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Хувийн нууцын тухай хууль иргэдийн хувийн амьдралын халдашгүй байдлыг хамгаалдаг.
Гэвч бодит байдал дээр privacy болон privacy-тэй холбоотой эрх зөрчих нь энгийн зүйл. "Луйвардуулчихлаа. Энэ хүнийг мэддэг нэг нь хаяг, утасны дугаарыг нь дамжуулаач?” гэсэн бичлэг гэрэл зургийн хамт Facebook-т тавигдлаа. Луйварчинг илрүүлэхэд тус болох гэсэн хүмүүс дор нь утсыг нь бичиж үлдээв.
Бизнесийн овсгоотой нэгэн "30 мянган ширхэг и-мэйл хаяг зарна” гэсэн масс мэйлийг цахим шуудангаар тарааж байна. Дотор нь таны хаяг ч байх магадлал өндөр. Төрийн ажилтнууд Шилэн дансны тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ олонд дэлгэлээ. Дансны үлдэгдэл хэд, хэнээс хэдэн төгрөг зээлсэн, хэр авлагатайг телевизийн хөтлөгч олон нийтэд тодорхой тайлагнаж байна. Иймэрхүү жишээ бүр прайвеси зөрчсөн үйлдэл болж харагдахаар.
Прайвеси зөрчигч нь дандаа хувь хүн байгаад байдаггүй. Дэлхийн том гүрнүүдийн Засгийн газар, том корпорациуд нь прайвеси зөрчигчид, гол гэмтнүүд. Ойрхон жишээ авахад АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн хэмжээнд сая сая хэрэглэгчийн утсыг чагнасан явдал. Том компаниуд ч хэрэглэгчдийн өөрсдийнх нь эрх ашгийн төлөө гэсэн шалтгаанаар хувийн мэдээллийг нь байнга "чагнан” бүртгэж явдаг.
Компаниуд хэрэглэгчээсээ у рьдчилан зөвшөөрөл авалгүйгээр мэдээлэл цуглуулж байгаад баригдвал Засгийн газраас хуулийн зохицуулалт хийж, байдлыг засна. Ийм засвараас зайлсхийхийн тулд компаниуд онлайн үйлчилгээнд прайвеситай холбоотой бодлогоо ил тод байрлуулдаг журамтай.
Прайвеси буюу хувийн амьдралын халдашгүй байдал нь publicity, transparency зэрэг нийтэд ил тод байх ойлголттой яалт ч үгүй зөрчилдөж таардаг. Нэг талдаа хувийн мэдээллийн нууцлалыг сахих, нөгөө талдаа төрийн ажилтны данс нийтэд ил "харагдах” ёстой. Ийм зөрчил хэрэглээн дээр ч гарч ирнэ. Прайвесигаа хамгаалах үүднээс интернэт ашиглахаа больж, гар утаснаас татгалзан, мессенжерээр бусадтай харилцахаа больё. Ингэвэл гадаадад сурахаар явсан найздаа захиа бичиж харилцах арга л үлдэнэ. Орчин үед ийм арга сонгох нэг ч залуу хүн гарахгүй биз.
- Бодит байдал дээр privacy болон privacy-тэй холбоотой эрх зөрчих нь энгийн зүйл.
- Компаниуд хэрэглэгчээсээ урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр мэдээлэл цуглуулж байгаад баригдвал Засгийн газраас хуулийн зохицуулалт хийж, байдлыг засна.
- Ирээдүйд хувийн амьдрал гэсэн ойлголт өөрөө алга болж мэдэхээр байгаа.
Мэдээллийн технологийн ачаар нэг нь нөгөөгөөсөө юм нуух бараг боломжгүй өнөөгийн ертөнцөд прайвеси тийм чухал гэж үү? Чухал байх ёстой. Амрыг нь бодоод сошиал сүлжээгээр илгээж орхисон өвчний онош, хулгай хийсэн залууг шившиглэхээр Youtube-д байршуулсан видео бичлэг. Хамт наргисан нэгэн Facebook-д гэнэт тавьсан гэрэл зураг зэрэг нь таны биш гэхэд, өөр хэн нэгний хувийн амьдралд нөхөж баршгүй гай тарьж мэднэ. Угаас ийм жишээ олон.
Цахим сүлжээнд харилцсан таны бүх мэдээлэл устдаггүй
Прайвеси цаашид хэвээр орших, эсэх нь эргэлзээтэй. "Прайвеси нь хэрэг дээрээ хэвийн бус, гаж үзэгдэл байж болох. Аж үйлдвэрийн хувьсгал, хотуудын оршин суугчдын тооны өсөлт л энэхүү гаж үзэгдлийг үүсгэсэн болов уу” хэмээн АНУ-ын эрдэмтэн, TCP/ IP протоколыг бүтээгчдийн нэг Винтон Серф хэлсэн удаатай. Орчин цагийн нийгэмд прайвеси сахих нь тун хэцүү асуудал хэмээн тэрбээр тайлбарласан юм. Эрдэмтэн өөрөө шууданч нь бүх хүнээ таньдаг жижиг хотод амьдардаг байжээ. "3000 хүнтэй жижиг хотод ямар ч прайвеси байдаггүй юм. Хэн нь юу хийдгийг бүгд л андахгүй” хэмээн эрдэмтэн тайлбарлав.
Прайвеси ирээдүйд байхгүй болно гэсэн бодолтой хүн бол Эдвард Сноуден. "Өнөө цагт өсөн торниж буй хүүхдүүд хувийн амьдрал халдашгүй байх зарчмыг мэдэх ч үгүй амьдарч байна. Эцсийн эцэст энэ хүүхдүүд өөрсдийнх нь бодол санааг хэн нэгэн бичиж аваад, задлан шинжилж суух албагүйг ойлгох чадваргүй хэвээр том болно. Тэгэхээр ирээдүйд хувийн амьдрал гэсэн ойлголт өөрөө алга болж мэдэхээр байгаа нь их чухал” хэмээн Эдвард Сноуден бүр 2013 онд Британийн телевизэд өгүүлж байжээ.
Орчин үед прайвеси, хувийн мэдээллийг хамгаалах тухай асуудал хурцадсаар байгаа ч асуудлын шалтгаан нь өөрчлөгдөв. Одоо хүмүүсийг тагнаад байгаа нь асуудал биш. Харин тагнадагт нь хүмүүс хэрхэн хандаж байгаа нь асуудал болж хувирлаа.
О.Мишээл
Засгийн газрын мэдээ
