ББДХ-ны ерөнхийлөгч Ч. Даваабаяр: Монголынхоо өв соёлыг, монгол хүний оюуны хүч чадлыг хамтдаа дэлхийд дархалцгаая
Төв сайхан нутгийн түмэн олон, баялаг бүтээгчид та бүхэн минь сайхан намаржиж байна уу.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо танай сайхан нутагт өмнө нь хэдэнтэй
ирж, та бүхний ажил үйлстэй танилцан Монгол орон даяар Төв аймгийнхны
хөдөлмөрч, зүтгэлтэйг мэдэх болсон. Та бид хамтран өнгөрсөн хугацаанд
чамгүй ихийг хийж амжууллаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоо
байгууллаа. Нэгдэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж, эрх ашгаа хамгаалж
чаддаг боллоо. Та бүхний нэгдсэн, дэмжсэн холбоо 100 гаруй мянган баялаг
бүтээгч, гишүүд дэмжигчидтэй болж, монгол орны өнцөг булан бүрт салбар
хороогоо байгуулан тасралтгүй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.Бид
хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд баялаг бүтээгчдийн үүрэг оролцоо их
гэдгийг энэ хугацаанд нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Төр засгийн
бодлого шийдвэрт нөлөөлж баялаг бүтээгчдээ дэмжсэн эрх зүйн орчинг бий
болгож чадлаа. Бие биентэйгээ хамтран ажиллаж, шинийг эрж хайж, илүү
чанартай, хүртээмжтэй, ашигтай үйл ажиллаагааны төлөө зогсолтгүй чармайн
хөдөлмөрлөж байна. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч бид бууж
өгөөгүй. Нөхцөл байдалд тулгуурласан арга хэмжээнүүдийг авч ард иргэдээ
хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган ажилласаар байна. Бас
бидний өмнө шинэ засаг төртэй байнгын холбоотой байж, харилцан
ойлголцол дунд ажиллаж, хүрсэн үр дүнгээ бататгах шаардлага тулгарч
байна. Баялаг бүтээгчид бид зөвхөн ашгийн төлөө ажилладаггүй. Нийгмийн
сайн сайхны төлөө ч бид нэгддэг. Монгол бүтээгдэхүүнээ, монгол өв
соёлоо, монгол хүний ур ухаан, оюуны чадамжийг дэлхийн тавцанд гаргахын
төлөө ажилладаг. Өнөөдөр ч бид ийм нэгэн зорилгын төлөө энд цуглаад
байна.
