|
Видео

Шинэ мэдээ

”Мөрөөдлийн Засгийн газар”-т АН-аас сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

МАН-ын зургаан сайдын орны хүмүүсийг томилох ажил улс төрийн хүрээнд ид өрнөж байна. Одоогийн байдлаар Засгийн газарт хамтрах АН болон "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хоёр талдаа ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. "Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр ахалж байгаа юм.

Тус бүлэг Засгийн газарт дөрвөн сайдын суудал нэхэж, хүссэнийг нь өгөхгүй бол хамтрахгүй гэж АН-ыг сүрдүүлж яваа. Харин АН-ынхан "Дөрвөн яамаа манайх авна” гэж тас гүрийсээр байна. Тиймээс тэд "Шударга ёс” эвсэлд хоёр л сайдын суудал өгөхөөр зүтгэж буй. Уг маргаанаас болж "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн сайдад нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэнийг хаана нэр дэвшүүлэх асуудлаар МАХН, МҮАН-ынхан дотроо ч ойлголцож чадахгүй маргаантай байгаа гэнэ. Тэднийг ингэж маргаж байх хооронд АН-ынхан сайдад нэр дэвшигчдээ аль хэдийн тодруулаад байгаа юм. Тухайлбал,  "Шонхор” фракцаас Г.Баярсайханыг Хөдөлмөрийн, МОАХ-аас Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, МҮДН-аас Н.Батбаярыг Сангийн, Я.Санжмятавыг Барилга хот байгуулалтын сайдад тус, тус нэр дэвшүүлэхээр тохиролцжээ.

”Мөрөөдлийн Засгийн газар”-т АН-аас сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Тэгвэл АН-аас сайдад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг 24tsag.mn уншигчдадаа хүргэж байна.

 

Л.Эрдэнэчимэг: Х.Баттулгын хүн. Тавантолгойн гэрээний төслийг амжилттай гацаасныг нь өндрөөр үнэлж босс нь уг суудлыг авч өгч буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд биологич, хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа юм. Эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр салбарыг удирдахаар яригдаж буй түүнд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Бүр "Зам тээврийн салбарыг Л.Эрдэнэчимэг удирдвал улс орон дампуурна” гэсэн яриа ч гарч амжжээ. Зам тээврийн салбарыг түүнд өгөхөөр болсон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, уг яамыг Х.Баттулга гэдэг хүн үүсгэн байгуулж өөрөө анхны сайдаар нь ажиллаж байсан. Тиймээс  өөрөө буусан ч тойрон хүрээлэгчдээ тус яамнаас салгаж болохгүй гэх хатуу бодол түүнд бий. Хоёрдугаарт, Л.Эрдэнэчимэг гишүүний их амбиц байна. Өөрийнхөө л хүнийг тавьж байвал зам тээврийн салбарын талаар их, бага мэдлэгтэйн аль нь байх нь хамаагүй гэх Х.Баттулгын бодол дээр Л.Эрдэнэчимэг гишүүний амбицыг нэмээд энэ яам бүхэлдээ "бенз”, "шанага” хочтой эмэгтэйн эрх мэдэлд шилжихээр болж байна. Өчигдөр хэлсэн үг нь өнөөдөр хийсэн үйлдэлтэй нь хол илүү зөрдөг Л.Эрдэнэчимэг гишүүнд энэ салбарын талаар ямар ч мэдлэг байхгүй. Ямартай ч тэрбээр архи, тамхины хуулиас арай дээгүүр зүйлээр танигдахаар оролдож эхэлсэн нь энэ ч олон нийт түүнийг их дургүй хүлээж авах нь.

 

Я.Санжмятав: "Бүх л зам Ром руу хөтөлдөг" гэдэг шиг хүн болгон Улаанбаатар руу тэмүүлж байхад Я.Санжмятав Завхан аймгийн Засаг даргаар ажиллахаар явж байв. Түүнийг Завханы хөгжил, бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсан гэж тус нутгийхан ярьдаг.  Я.Санжмятавын хувьд шинэхэн сайд болох гэж буй ч улс төрд бол хуучин хүн юм. Тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д нэр дэвшин ажиллаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газарт Хөдөлмөрийн яамны  сайдаар ажиллаж байсан тэрбээр одоо бол яам удирдах хангалттай туршлагатай болсон. Тиймээс ч Алтангадас Барилга хот байгуулалтын яамны сайдаар нэр цэвэр, туршлагатай, тулгатай хүнээ ажиллуулахаар явуулжээ.

 

Фортуна Н.Батбаяр: Нэгэн цагт чуулганы хуралдаанд согтуу сууж УИХ-ыг "согтуу парламент” нэртэй болгож байсан тэрбээр ойрноос эрүүл, саруул байж Сангийн яамыг удирдахаар зэхэж эхэлжээ. Н.Батбаярын хувьд Эдийн засагч мэргэжилтэй. Тиймээс Сангийн яамыг удирдах хангалттай туршлагатай гэж АН-ынхан үзжээ. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан түүнийг энэ салбарт ихээхэн хайртай гэдэг. Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж "Чингис”, "Самурай” бондын зарцуулалтыг буруу хийсэн гэж шүүмжлүүлж байсан тэрбээр хамгийн сүүлд бүтцийн өөрчлөлтөд орж, огцрох хүртлээ өөдрөг явсан нэгэн. Эдийн засгийг хямруулсан хэрэгт унаж явсан тэрбээр "Эдийн засаг хямраагүй байна. Өөдрөг бай. Муу зүйл бүү бод, ярь” хэмээн ярьж явсаар огцорсон. Амныхаа хэмжээгээр араа мэдэхгүй ярьдаг, хаа нэг Төрийн ордонд гал тахидаг түүнийг бөөгийн шашин, бондын мөнгөний замбараагүй зарцуулалт нь суудлаас нь буулгаж чадсан ч дахин сайд болгох нь.  Онигооны эзэн дахин сайд болох гэж буй нь олны дургүйцлийг хүргэж амжаад байна.

 

Г.Баярсайхан: Саяхнаас нэг хүн сайд болох өрнүүн их хүсэлдээ хөтлөгдөж З.Энхболдыг хормойдоод салахаа байсан гэх яриа шаргал ордонд гарах болсон. Хүмүүсийн хэлж буйгаар тэр хүн нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан аж. Тэрбээр экологич мэргэжилтэй. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Өөрийгөө "Эко гишүүн” гэж өргөмжилсөн тэрбээр өөрийнхөө мэддэг салбар буюу Байгаль, орчин ногоон хөгжлийн яамыг авахаар нилээн зүтгэсэн ч тус яамыг "Шударга ёс” эвсэлд өгөх тохироо хийгдсэн байна. Тиймээс тэрбээр Хөдөлмөрийн сайд болох гэнэ. У.Хүрэлсүхээс ухамсарын шанаа хүртсэнээс хойш ухаан санаа нь орж гардаг болсон гэж хүмүүс түүнийг шоглодог. Учир нь тэрбээр байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа "УИХ-ын гишүүнийг Б.Бат-Эрдэнэ аварга аа, Д.Сумъяабазар аварга аа, Ардын намын журамт цэргүүдээ, зүгээр гишүүнээр ажиллаж байгаа хүнийг Ц.Нямдорж сайдаа" гэх мэтээр дуудаж олны онигоо болсноос эхлээд түүнтэй холбоотой бүтэхгүй дурсамжууд их бий.  Юу ч болж байсан намаа л өмөөрч дуугардаг зан нь энэ удаа түүнийг сайд болгоход том дэмжлэг болжээ.

 

Ийнхүү АН-аас сайдад нэр дэвшигчдийн нэрс тодроод байна. Харин дэмжлэг хүлээж чадах эсэх нь дараагийн асуудал.

Т.Хулан

http://www.24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler