|
Видео

Шинэ мэдээ

“Тахимаа өгч” улсаа бодооч, АН-ынхаан!

“Тахимаа өгч” улсаа бодооч, АН-ынхаан!Эрх ашгийн эрэмбэ гэж байдаг бол улс орны эрх ашиг нэгдүгээрт тавигдана гэдгийг С.Зориг агсан гэрээсэлсэн. Харин түүний залгамжлагчид хорь гаруй жилийн дараа Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Ардчилсан намыг хэн нь даргалахаа үзэлцэж буй энэ цаг үед Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр ажиллаж байгаа нь хүртэл хувь тавилангийн шоглоом, ардчиллын сорил гэлтэй.

Сорилыг хэрхэн давахыг З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын улс төрийн эр зоригоос харж сууна. Одоогийн байдлаар АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ шалгалтын дүнг тавих болоод байгаа юм. Гэхдээ фракц дотроо хэн нь жин дарж ирэх сонгуульд хэнээр нь даргалуулж сонгуульд орвол ялах бол гэдгээ илүүтэй тооцоолж байх шиг. Нөгөөтэйгүүр "гүүгээ хурааж буй азарга” мэт өөрийгөө дэмжих саналыг цуглуулах операци ажиллуулж эхэлсэн нь хаана, хаанаа ажиглагдаж байна. Тэгэхээр хэн, хэн нь "тахимаа өгөх” дургүй байна гэсэн үг.

Уг нь тэднийг суудлаа булаалдахаас хавьгүй том эрх ашиг бүхий хуулиуд ард нь хүлээж буй. Тиймээс улс орноо боддог улстөрчид, УИХ-тай бол сандал, суудлын хэрүүлээ хойш тавьж иргэнд, нийгэмд хэрэгтэй хуулиудаа батлах байлаа.

Гэвч "Боломж бүхэн мөнх бус” гэдэгчлэн Ч.Сайханбилэгийн хувьд АН-ын даргын албыг авч байж сонгууль дуустал "оршин тогтнох”, З.Энхболдын хувьд Ерөнхий сайдаас ч илүү удаан хугацаанд нөлөөллөө хадгалах алтан боломжийн үзүүрээс аль аль нь атгасан тал алдахыг хүсэхгүй байна.

Хөндлөнгөөс харахад хэн түрүүлж тахимаа өгсөн нь ирэх сонгуульд тун ч "баатарлаг”, нэр төртэйгээр дахин сонгогдож, илүү өндөр карьерт хүрэх боломжтой. Тэр тусмаа өнгөрсөн гурван жилийн алдаа руугаа эргэн харахад МАН-ынхантай энэ цаг үед эвдрэлцэх нь тохиромжгүй харагдана. Энэ нь магадгүй "Ууланд өгсөх замд тааралдсан муу хүмүүстэй бүү муудалц. Буцахдаа дахиад тааралдах ч юм билүү” гэдэг онч үгийг санагдуулна. Лав л МАН-ынхны хувьд боломжийн хэрээр зүтгэж, бас танхимынхантайгаа тууштай хамт байсан Ч.Сайханбилэгт таатай хандаж байгаа нь илэрхий байна. Гэхдээ энэ нь УИХ-ын даргад дургүй байна гэсэн үг биш. Харин Ерөнхий сайдыг зургаан сайдын асуудлаа хэлэлцүүлэх бичгээ ч өргөн бариагүй байхад ээлжит бус чуулганы захирамждаа хэлэлцүүлнэ гэдгээ хүч түрэн шийдсэн нь жудаггүй төдийгүй, Засгийн газрын тэргүүний ажлыг булааж хийсэн хууль бус үйлдэл боллоо гэсэн дүгнэлттэй нь холбоотой бололтой.

Олон нийт ч гэсэн их ажлын өмнөх энэ цаг үед, МАН-ын сайд нарыг ямар нэг алдаа гаргаагүй байхад АН-ын алдаа дутагдлыг илбэ жилбийн аргаар ч атугай баллуурдан арилгаж өгсөнгүй гэсэн шалтгаанаар төрийн байгууллагуудыг доргиож байгаад нь таагүй хандаж байна. Үүнийг телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал бодлоо хэлж буй үерийн ус  мэт буухиалан бухимдан хэлж буй хатуу ширүүн үгсээс харж болно. Тэдний үг "тэнгэрт” хүрэхгүй ч ирэх зуны нэгэн өдөр эрхийнхээ дагуу сонголтоо хийхдээ санаж явах биз ээ .

Г.Ган

zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler