| |
Д.Трамп: Их Британийн эрх баригчид маш том алдаа хийж байна
НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 6 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Хойд тэнгисээс газрын тос олборлохоо зогсоох гэж буй Их Британийн төлөвлөгөөг маш том алдаа хэмээн мэдэгджээ.
“Их Британийн эрх баригчид маш том алдаа хийж байна. Хойд тэнгисийг нээ! Салхин сэнснүүдээ авч хая!" гэж тэрбээр “Truth Social” сүлжээндд бичсэн байна.
Д.Трамп Шотландын худалдааны танхимаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 8-нд гаргасан мэдэгдэлд ийм тайлбар хийжээ. Уг мэдэгдэлд, газрын тосны “Apache” компани 2029 оны 12 дугаар сар гэхэд Их Британи дахь ордуудаас нефть олборлохоо зогсоохоор төлөвлөж байна гэж дурдсан байна. Үүнийгээ тус компани тайлбарлахдаа, хэт ашгийн татварыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй болох шаардлага тавьж байгаа учраас Их Британид явуулж буй үйл ажиллагаа нь “ашиггүй” болж байна гэжээ.
“HuffPost” цахим хуудсанд бичсэнээр, Их Британийн Лейборист нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө "эрчим хүчний цэвэр эх үүсвэрт шилжих зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хойд тэнгист өрөмдлөг хийх зөвшөөрлийг шинээр олгохгүй" гэж тусгажээ.
Эрх баригчдын эн тэргүүний зорилт бол "уур амьсгалын доройтолтой тэмцэх, мөн хууль эрх зүйн орчинд хүлээсэн үүргийн дагуу Хойд тэнгист эмх цэгцтэй шилжилт хийх нөхцлийг бүрдүүлэх явдал юм" гэж тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ. Тэрбээр мөн Их Британийн эрх баригчид “одоо болон ирээдүй хойч үеэ ажлын байраар хангахын тулд тус салбарынхантай хамтран ажиллахаар төлөвлөж байгааг” дурдсан байна.
Их Британийн Засгийн газар газрын тос, байгалийн хийн компаниудын хэт ашгийн татварыг 38 хувь хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдсэн юм.
Харин Д.Трамп сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ, АНУ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх ёстой, өөрөөр хэлбэл "өрөмдлөг" хийх ёстой гэж удаа дараа мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг