| |
Ц.Мөнхтуяа: Зарим багш самбарынхаа өмнө харваад нас барж байна VS П.Наранбаяр: Багш нар богино наслаад байна гэдгийг танаас анх сонсож байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Ирэх дөрвөн жилд багшийн цалинг хэдэн төгрөг болгох вэ. Мөн багш нарын орон сууцны асуудлыг шийдэх ямар гаргалгаа байна вэ. Мөн тэтгэврийн насыг наашлуулах боломж байна уу. Багш нарын мэргэжлээс шалтгаалах өвчний асуудлыг орхигдуулсан. Үүнд
Боловсролын сайд П.Наранбаяр: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Үе шаттай нэмэгдүүлж, улсын дунджад хүргэнэ.
2024 оны 128 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоосон. Энэ тогтоолоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үндсэн багшийн цалин 1.6 сая, ерөнхий боловсролын багшийн цалин 1.5 сая төгрөгт хүрсэн нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Мөн багшийн нийгмийн асуудалд анхаарах орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай асуудал Засгийн газрын тогтоолд тусгагдсан. Тэтгэврийн насны тухайд багшийн хомсдолтой үед тэтгэвэрт эрт гаргах нь зохимжгүй байх гэдэг бодол бий.
Ер нь бол багшийн мэргэжил хамгийн сайхан ажил шүү дээ, хүнд хортой мэргэжил гэж ярих нь учир дутагдалтай болов уу.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: П.Наранбаяр сайд тоо судалгаатай, тоймтой зүйл хэлсэнгүй. Үйл ажиллагааны хөтөлбөрт тоймтой зүйл байхгүй байгаа. Тэгэхээр салбарын сайд нарийн судалгаа хийх шаардлагатай байх. Багшийн дутагдалтай байна, эрт тэтгэвэрт гарч болохгүй гэж ярьж байгаа чинь буруу шүү. Багш нар эрүүл мэндийн хувь асуудалтай байгаа учраас эрт тэтгэвэрт гаръя гээд байгаа юм. Тэтгэвэрт гараад нэг жил бололгүй нас барж байна. Багшийн ажлыг хүнд хортой гэхээс илүү ачааллыг нь нарийн судлах шаардлагатай. Зарим багш самбарынхаа өмнө харваад нас барж байгаа тохиолдол ч бий. Энэ дээр П.Наранбаяр сайд мэдээлэлтэй байгаа байх.
Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нар богино наслаад байна гэдгийг танаас анх сонсож байна. Сайхан урт наслаад олон шавиараа тойрон хүрээлүүлсэн олон багшийг би мэднэ. Тохиолдлууд бол байгаа байх. Багшийн мэргэжлийн талаар та ингэж ярьж болохгүй.