|
Видео

Шинэ мэдээ

Мянган жилийн түүхэн мөр

Хаврын эхэн сард Хатан голын Үхай дахь хэсэг мандах нарны туяанд тунаран гялалзана.

 

 

Хатан голын үдшийн туяа    Зургийг: ХӨҮ РҮЙ

Хаврын эхэн сард Хатан голын Үхай дахь хэсэг мандах нарны туяанд тунаран гялалзана. Хатан голын эрэг дээрх Цагаан хэрмийн цонж өрнүүн хөгжлийг чимээгүйхэн "ажиглаж" байгаа ч хандсан шороонд нь олон мянган жилийн туульс нуугдаж ирсэн эртний түүхүүд бий.

Үхай бол Хатан голын Өвөр Монголд цутгасан анхны өртөө юм. Тэртээ холоос шуугин урсах Хатан голын 105 километр хэсэг Үхай хотын нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг. Тиймээс Үхай хотыг мөн "Арлын хот" гэж нэрлэдэг. Үхай хотын бүс нутаг нь түүхэн дэх өмнө, умард нутгийг холбосон чухал гарц байсан бөгөөд Хатан голын "Их тохойн орон"-ы бүсэд чухал стратегийн ач холбогдолтой учир эртний хаант гүрнүүд энэ нутагт Цагаан хэрэм барьсан байдаг.

Гол мөрөн налайн урсаж, сүрлэг боомтын бартаа хэвээр сүндэрлэнэ. Хоёр мянга гаруй жилийн турш Хатан гол Цагаан хэрмийг налан түшиж, Цагаан хэрэм Хатан гол руу энхрийлэн ширтэнэ. Хатан гол, Цагаан хэрмийн өвөрт өлгийдүүлсэн “Гал залуу” Үхай хот соёлын интеграцчлалын эрин үеийн шинэ хуудсыг бичиглэсээр байна.

Үхай хотын Биньхэ шинэ дүүрэг    Зургийг: Үхайн өдрийн сонин

ДОТНО ХОЛБОО

 

Гуравдугаар сарын эхээр сэтгүүлчдийн баг Хайравын тохой дүүргээс хөдөлж, 40 километрийн зайтай байгаа Хайнан дүүргийн Баянтохой суурингийн Олом тосгоны зүүн талд байрлах гүүрэн цамхаг дээр хүрч ирлээ. 10 гаруй метр өндөртэй тавцан дээр гарч, 500 гаруй жилийн өмнөх өндөрлөгөөс эргэн тойрноо харахад Хатан голын ус давлагаалан урсаж, Алшаа уул униартан цэнхэрлэж, Үхай болон Ниншягийн Шызүйшан уулыг холбосон Хатан голын гүүрэн дээгүүр тэрэг унаа давхин, чухал боомтын төрхийг харуулна!

Хайнан дүүргийн Соёл, Аялал жуулчлал, Спортын товчооны ажилтнаар ахлуулсан сурвалжлагчийн баг Олом тосгоны хажууд байрлах Мин гүрний Цагаан хэрмийн тууринд ирэв. Цагаан хэрмийн үлдэгдэл болох энэ шороон хэрэм ил тод байж, хэсэг хуваан битүүмжилж, төмөр хүрээгээр хамгаалсан байдаг.

Холбогдох сурвалж бичиг, материалаас судлахад Үхай хотын бүс нутагт Цагаан хэрэм, Хатан гол гурвантаа уулзсан нь маш тодорхой харагдаж байна.

Манай Эриний Өмнөх 214 онд Чинь Шыхуан Жанжин Мэн Тянийг умард бүс нутагт Цагаан хэрэм барихаар томилсон байна. Хотын хэрэм нь Алшаа уулын зүүн бэлээс Хатан голыг гатлан Үхай хотын Жүөзышань уулын бүс хүртэл үргэлжилсэн бөгөөд Жүөзышань уулыг бүхэлд нь хүрээлжээ. Жүөзышань уулын Цагаан хэрмийг барьснаар Өвөр Монголд анх удаа Цагаан хэрэм, Хатан гол хоёр “Дотно холбоо”-той болсон. Эндхийн хамгийн алдартай соёлын шинж тэмдэг бол Хатан голын соёлоор ундаалсан Жүөзышань уулын хадны зураг юм.

Мин гүрний Чэнхуагийн 15 дугаар онд /1479 он/ цэргийн шахалтаас болж цагдан захирагч Жя Жюнь "Гол дагуух хэрэм" барих ажлыг удирдан эхлүүлжээ. Энэхүү хэрэм Ниншя мужийн Хэнчэн хотоос хойд зүгт байрлах Хатан голын зүүн эрэгт оршдог. Урд талаараа "Голын зүүн хэрэм", баруун талаараа "Хуучин хойд цагаан хэрэм"-тэй залгагдаж, Ниншягийн хойд хил дэх Цагаан хэрмийн хамгаалалтын шугамыг бүрдүүлжээ. Энэхүү гол дагуух хэрэм нь Хатан голын хойд урсгалын зүүн эрэг дагуу өмнөөс умар зүгт байрладаг бөгөөд нэг хэсэг нь өнөөгийн Үхай хотын нутагт байдаг.

Мин гүрний Жяжингийн 15 дугаар онд /1536 он/ Шааньси мужийн гурван талт командлагч Лю Тяньхэ Хатан голоос баруун тийш, Алшаа уулаас зүүн зүгт, Пинюй хотын хойд хэсгээс Жэнь Юаньгуань боомт хүртэлх 35 километр зайтай нутгийн хилийг сэргээхийг хүсчээ. Тэрээр Хатан голын зүүн эрэгт далан барьж, тус хилийг голын дагуу Хэнчэнгийн их хэрэм хүртэл үргэлжлүүлжээ. Энэхүү урт далан нь ихэвчлэн Ниншягийн уулын Таолэ шяний нутагт байрладаг. Хожим нь "Таолэ урт далан" хэмээн нэрлэгджээ. Лю Тяньхэгийн далан барих анхны санааг нь тухайн нутгийн хээрийн судалгаатай хослуулан үзвэл "Таолэгийн далан" нь "голын эргийн хэрэм"-ний үндсэн дээр баригдсан болохыг харж болно. Цагаан хэрмийн энэ хэсэг нь Ниншягаас Тосот голыг гатлан Үхай руу орж, өнөөгийн Үхайн нутагт үлдээд байгаа Мин гүрний Цагаан хэрмийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг.

Үхайн Соёл, спорт, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооны Соёлын дурсгалт газрын ажилтан Ше Жин:

- Үхайн Чинь гүрний Цагаан хэрэм болон Мин гүрний Цагаан хэрэм нь улс даяар маш их нэр нөлөөтэй. Хамгийн ил тод онцлог нь Хатан голтой бие биенээ түшин, харилцан хамгаалах байдлыг бүрдүүлсэн байдаг гэж танилцууллаа.

Үхайн нутаг дахь Чинь гүрний Цагаан хэрэм нь Шызүйшань хотын Хайнан дүүргээс эхэлж, Хатан голыг зүүн тийш гатлан Хайнан дүүргийн Баянтохой суурингийн Дүнфэн фермийн аравдугаар багт орж, баруун өмнөөс зүүн хойд зүгт Хайравын тохой дүүргийг дайран өнгөрч, Ордос хотын Отог хошуунд хүрдэг. Үхайн нутаг дахь хойд төгсгөл нь Хайравын тохой дүүргийн Чяньлишань хотын Цээл уул нийгэм тойргийн зүүн хойд хэсэгт байрладаг. Чинь гүрний Цагаан хэрэм дагуу 8 цонж, 7 оршин суугчдын буурь байдаг.

Үхайн нутаг дахь Мин гүрний Цагаан хэрэм нь Хайнан дүүргийн Баянтохой суурин дахь хойд урсгалын Хатан голын зүүн эрэгт байрладаг. Өмнөд хэсэгтээ Ниншягийн Таолэ хэсэгтэй залгагдаж байдаг. Энэ нь өмнөөс хойд зүгт тэгш хөндийн дагуу туулсан бөгөөд фермийн 1, 2, 3-р багууд, мөн Нэгмод тосгон, Баянтохой тосгон, Баянтохой суурин, Дүнхун тосгон, Ногоон байгууламжийн 1-р баг, фермийн 6, 7-р баг, Сы Даочюань 2, 6-р багаар дамжин, Олом тосгонд хүрч, Хатан голыг гатлан Ниншя Шызүйшань ууланд орж, нийт урт нь 16997.1 метр, шороон хэрмийн үлдэгдлийн урт нь 3726.1 метр бөгөөд зам дагуу 4 цонжтой байдаг.

Хатан голын эрэг дэх тариалалтын талбай   Зургийг: ЛЯНЬ ЖЭНЬ

НҮҮДЛИЙН АЯН

2020 онд Үхай хотод Хатан голын соёлыг хамгаалан өвлүүлэх тухай семинар зохион байгуулжээ. Тус хурлын үеэр умард нутгийн угсаатны түүхийн судлаач, түүхийн ухааны доктор Бао Вэньшэн:

- Үхайн бүс нутаг нь говийн өмнө хэсэг болон боомтын дунд бүс, Хэшигийн коридор, Хөхнуур-Төвдийн өндөрлөг зэрэг бүс нутгуудыг холбосон уулзвар газар юм. Умард нутагт нутагшин амьдарч буй  үндэстнүүд Хатан голыг дагаж Үхайн коридорын бүс нутгаар дамжин, өмнө зүгийн нутагт хүрдэг. Хөхнуур-Төвдийн өндөрлөгт нутагшиж буй баруун өмнөд хэсгийн үндэстнүүд Хатан голыг даган Яргайн тал руу орж, мөн Үхайн коридороор дамжин умардын говь нутагт хүрдэг. Үхай, Алшаа уулыг хамарсан бүс нутгууд нь бүх үндэстэн угсаатны хоорондоо нэгдэн амьдрах газар болсон бөгөөд өөр өөр соёлын солилцооны Хатан голын олом газар гэж үзэж болно гэж хэллээ.

Өнөөдрийн Олом тосгон бол "Адил бус соёлын солилцооны Хатан голын олом"-ын хураангуйлал юм.

Олом тосгоны 63 настай эмч Жан Зэн-И болон түүний гэр бүлийн дөрвөн үеийн амьдралын өөрчлөлт нь Үхайн бүс нутгийн солилцоо, нэгдлийн бодит нотолгоо юм. Жан Зэн-И Ордос нутгийн хэл аялгаар ярьдаг. Боомтын доторх хүдэр биетэй том эр шиг харагддаг. Түүнийг 4 настай байхад нь өвөө, аав хоёр нь Шаанси мужийн Шэньмүгээс Ордосын Отог хошууны Үзүүр сууринд нүүн ирж, газар тариалан, мал аж ахуй эрхлэн амьдарчээ. Тухайн үед 200 гаруй хүнтэй 50 гаруй өрх Үзүүр сууринд нүүн ирж нутагшсан байдаг. Жан Зэн-И тэрхүү хамтын нүүдлийг "Орчин үеийн баруун зүгийн нүүдэл" гэж нэрлэжээ.

1979 онд Жан Зэн-И Отог хошууны Үзүүр суурингаас Үхай хотын Хайнан дүүргийн Баянтохой суурингийн Олом тосгонд нүүн ирж, анагаах ухаанд суралцаж, газар тариалан эрхэлж байв.

Олом тосгон нь Өвөр Монголын Хатан голын дагуух нэгдүгээр тосгон бөгөөд өн шимлэг хөрс шороотой, зам харилцаа нь хялбар. 1966 оны эхээр хэдэн зуун хүнтэй жижиг тосгон байсан бол өнөөдрийн байдлаар 4900 хүн амтай Хатан гол дагуух томоохон тосгон болон хөгжжээ.

Олом тосгон болон Шызүйшань хотын Хүйнүн дүүрэг нь голын хоёр талд байрладаг бөгөөд хавар, өвлийн улиралд Хатан голын мөсийг туулан, зун, намрын улиралд усан онгоц, завиар харилцан айлчилдаг. Олом тосгоны Намын нарийн бичгийн дарга Ван Сүөпин:

- Хүйнүн дүүрэг болон Баянтохой сууринг холбосон Хатан голын гүүрээр нэвтрэх энгийн тээврийн хэрэгслийн төлбөрийг цуцалснаас хойш хоёр газрын иргэдийн харилцаа илүү өргөжсөн байна гэж хэллээ. Олом тосгоны оршин суугчдын өдөр тутмын хэрэглээний зүйл болон эмчилгээ нь Шызүйшань хотод түшиглэдэг бөгөөд тус хот нутгийн иргэдэд хөдөлмөр хүчний дэмжлэгийг олонтаа үзүүлдэг.

Жан Зэн-Игийн хүү, бэр хоёр Хүйнүн дүүрэгт орон сууц худалдан авч, өдөр нь Баянтохойд ажиллаад, орой нь буцаж ирдэг бөгөөд 8 настай ач хүү нь тус дүүргийн сургуульд сурдаг байна.

Үхай хот бол цагаачдын шинэ хот. Хөгжлийн түүх нь Хатан голын соёл, газар тариалангийн соёл, Цагаан хэрмийн соёл, тал нутгийн соёлын солилцоо, нэгдлийн түүх юм.

Үхай хотын Соёл, спорт, аялал жуулчлал, радио, кино, телевизийн товчооны дарга, Намын удирдах багийн нарийн бичгийн дарга Ү Фэнщрүн:

- Үхай хотын ард түмний өнөөгийн амьдралын хэв маяг, зан заншил, уламжлал нь Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёлд гүн гүнзгий нөлөөлөгдсөн байдаг. Түмэн хүн ууланд гарч нүүрс булаалдсан байлдаан, Хатан голын усан ашиглалтын байгууламжийн ажилтнууд Үхайн хөдөө аж ахуйн бүтээн байгуулалтыг хөгжүүлсэн, бага гуравдугаар шугамын барилга байгуулалт, Үхай хотын бүтээн байгуулалт зэрэг нь Хатан гол, Цагаан хэрэмтэй нягт холбоотой байдаг гэж хэллээ.

Өнөөдрийн Үхай бол Хятадын умард, Баруун хойд нутгийг холбосон чухал хот. Ниншя, Өвөр Монгол, Шааньси, Ганьсү мужийн эдийн засгийн бүсийн уулзвар, Хатан голын дагуух эдийн засгийн бүсийн төв хэсэг юм. Мөн Өвөр Монгол баруун болон өмнөд зүгт нээлттэй байх цонх бөгөөд "Бүс ба Зам" санаачилгын чухал хот.

Үхай хотын Гандир Хатан голын их гүүр    Зургийг: ХӨҮ РҮЙ

 

СОЁЛЫН ӨМЧ

Лю Жаньлинь Хайнан дүүрэгтээ домогт нэртэй бөгөөд энэ нь Шишин зочид буудалтай холбоотой.

Шишин зочид буудал нь Хайнан дүүргийн Расан сүм суурингийн Сайхан-ус тосгоны ферм болон Төүдаокан хэмээх хоёр тосгоноос бүрддэг. Энэ нь Хайнан дүүргийн үзэсгэлэнт газрууд, ардын зан заншлыг мэдрэх болон ардын зугаа цэнгэлийг нэгтгэсэн соёлын аялал жуулчлалын төсөл юм.

Лю Жаньлинь бол Сайхан-ус тосгоны суурин ажлын багийн гишүүн бөгөөд Шишин зочид буудлын хөгжлийн үйл явцад биеэр оролцсон гэрч.

Шишин зочид буудлыг даган Хатан голын эрэг дагуу аялахдаа Лю Жаньлинь алсад байгаа Алшаа уулыг зааж, түүний дэргэдэх Хатан голын усыг ширтэн Тан, Сун гүрний үеийн шүлэг дуулал, орчин үеийн яруу найргийн хооронд амны аяар шүлэглэнэ.

Алшаа уулыг алсаас бараалан "Урт тэрэг хөллөн Алшаа уулыг туулна" хэмээн шүлэглэж, жаргах наран дор Хатан голын усыг ширтэн "Их говь униартан, Урт мөрөн жаргах нарны туяанд төгрөглөнө", Шишин зочид буудалд хандан "Сүрлэг боомтын зам үнэхээр төмөр шиг харагдана. Өнөөдөр хөл тавин аялахуйяа түүхийн мөр зурайна" хэмээн бахархалтай шүлэглэнэ. Түүний зүрх сэтгэл дэх "Сүрлэг боомт" нь Мин гүрний үеийн Эрдаокан цонж байлаа.

Өндөр чанартай аялал жуулчлалын төслийг бий болгоход гео-соёл чухал үүрэгтэйг Лю Жаньлинь болон тосгоны иргэд сайн мэдэж байгаа.

- Шишин зочид буудал зүүн талаараа Хатан голыг дагаж, баруун талаараа Цагаан хэрмийг ороон, соёлын олмыг гишгэлэн, сэхээтэн залуучууд, цэргийн аж үйлдвэрийн соёлд нөлөөлөгдөн, хязгааргүй ирээдүйтэй гэж Лю Жаньлинь дүрслэг тайлбарлана.

Шишин зочид буудал бол Хайнан дүүрэг, тэр байтугай Үхай хотоос бүтээн байгуулж буй Хатан голын Өвөр Монголд цутгалсан анхны өртөөний соёлын өмч юм. Үүний дагуу Хатан голын Өвөр Монголд цутгаж буй сүрлэг үзэмж, Хатан голын байгалийн үзэсгэлэнт газар, Хатан голын амтат хоол, Хатан голын археологийн хайгуул, хөдөө орон нутгийн чөлөөт аялал жуулчлал зэрэг аялал жуулчлалын төслүүдийг эхлүүлжээ.

Сүүлийн жилүүдэд Үхай хот "Өв уламжлал+"-ын хайгуул, бүтээн байгуулалтыг маш өргөнөөр хийж эхэлсэн.

- Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалахад нийт 70 гаруй сая юаний хөрөнгө оруулалт хийж, Хатан голын соёлын музей, Жао Шаогөүгийн хадны зургийн туурийн музейг барьж, Мин гүрний Эрдаокан цонжийг сэргээн байгуулах, бэхжүүлэх төсөл, дижитал хамгаалалтын төсөл, Хайнан дүүрэг дэх Мин гүрний Цагаан хэрмийн хамгаалалтын төсөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.

- Хатан голын сав газрын биет бус соёлын өвийн хяналт судалгааг хоёр удаа хийж, Үхай хотын биет бус соёлын өвийн төрөл, тоо хэмжээ, тархалт, өв залгамжлал, нийгмийн чиг үүрэг, оршин тогтнох байдлын талаар шинжлэх ухаанч, үнэн зөв, иж бүрэн хяналт бүртгэл хийж, хошуу, шяний зэрэглэлийн биет бус соёлын өвийн 12 төсөл, хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн 16 төслүүд шинээр хэрэгжиж эхэлсэн.

- "Үхай хотын Хатан голын соёлыг хамгаалах, өв залгамжлах семинар”-ыг зохион байгуулж, улсын дотоодын эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдийг урин, хамтын судалгаа хийж, Үхай хотын соёлын өвийн түүхэн байр суурь, соёлын дурсгалт өвийг хамгаалах, соёл, аялал жуулчлалын талаар гүнзгийрүүлэн судлах ажлыг зохион байгуулав. Үүний зэрэгцээ "Үхай хотын түүх, соёлын судалгааны түүвэр"-ийг туурвин, хэвлэн нийтэлж, Үхай хотын хэсэг дэх Хатан голын түүх, соёлын өргөн цар хүрээ, гүн гүнзгий түүхийг өгүүлжээ.

- Үхайн хотын музей, Үхай хотын нэгдсэн хэвлэл мэдээллийн төв хамтран "Музейн эрдэнэс" нэртэй цуврал булан гаргаж, "Сайн уу, соёлын дурсгалууд" богино хэмжээний соёлын дурсгалт киног хамтран бүтээв.

Өдгөө Үхай хотыг Хатан голын сувд, аж үйлдвэрийн хот, нээлттэй хот, сэтгэл татам хот, соёлын хот, аз жаргалын хот гэж нэрлэдэг.

Ү Фэнрүн:

- Үхай хотын ололт амжилт нь Хатан голын багтаамж, Цагаан хэрмийн ясанд нь нэвчсэн дотоод агуулахуунтай салшгүй холбоотой юм. Олон талт соёл нь Үхайд нэгдэн, Үхайн ард түмнийг хамарсан, нээлттэй, тууштай хамт олны сэтгэлийг бий болгосон. Энэ нь Үхайн ард түмний цуцашгүй хичээл зүтгэлээр уудам багтаамжтай хөгжил рүү тэмүүлдэг генийн кодыг бичглэжээ гэж хэллээ.

Хатан голын эрэг дэх тариалалтын талбай   Зургийг: ЛЯНЬ ЖЭНЬ

 

Зохиогч: ВАН ЗҮН, ХАО БЯО, Б.ХУРЦ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж: СМТ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler