| |
ЯРУУ НАЙРАГЧ Ц.ХУЛАНГИЙН ХҮҮ У.РАВДАН: Ээжийг минь хилсээр яллавал гүтгэж, гутаасан хүмүүст хариуцлага тооцно
Яруу найрагч Ц.Хуланг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас нэгдүгээр сарын 20-нд баривчилж, цагдан хориод байгаа. Учир нь, түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч, эх орноосоо урвасан, төрийн нууцад хамаарах мэдээллийг задалсан гэх үндэслэлээр удаа дараа хорьж байгаа юм. Түүний том хүү У.Равдан нь Австрали Улсад амьдардаг билээ. Түүнээс ээжтэй нь холбоотой сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
-Ээжийнх нь бие ямар байна вэ. Захидалдаа байцаалт өгч чадахгүй байгаагаа бичсэн байсан?
-Ээжийн минь бие сайнгүй байгаа. Сүүлийн үед хүний эрхэнд ороод хэцүү байгаа сурагтай. Би ч очиж чадахгүй энд хямраад л сууж байна.
-Таны ээжийг гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарч ажилласан, Монгол Улсын нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг бусдад дамжуулсан зэрэг шалтгаанаар хорьж байгаа. Ээжийг тань иймэрхүү байдлаар шалгаж байгаа асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Хувь хүн, бүлэг этгээдийн эрх ашиг, үйл ажиллагаанд ээж минь ноцтой хохирол учруулахуйц байсан болохоор нарийн зохион байгуулалттайгаар хэрэгт гүтгэчихсэн.
-Таны ээжийг гаднын хүмүүстэй хамтарч уран бүтээл хийсэн, мөнгө авсан, Далай ламд захидал бичсэн гэх шалтгаанаар буруутгаж байгаа гэх мэдээлэл бий?
-Уран бүтээл туурвиж, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлж болдоггүй нийгэм юм байна. Ээж минь хэнээс мөнгө авах вэ дээ. Бас далай ламд захидал бичнэ ч гэж байх вэ. Далай ламд захидал бичсэн гэдэг нь инээдтэй арга ядсан шалтгаан болоод байгаа.
-Ээж нь захидалдаа өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдсэн байсан. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт та хэр итгэлтэй байна вэ. Сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Ээж минь аргаа барж, хэлмэгдэхгүйн тулд л "өлсгөлөн зарлана" гэж хорих ангиас тэмцэж байгаа шүү дээ, хөөрхий. Ээжийг гэм буруугүй гэдгийг шүүх байгууллага үнэн зөвөөр тогтоож өгнө гэсэн горьдлого байгаа. Гэхдээ өдий болтол ээж минь тэнд хоригдсоор байгааг бодохоор эргэлзээтэй байна.
-Та ээжийг нь тагнуулын гэмт хэрэгт хүчээр холбогдуулж, хориход хэн нэгэн нөлөөлсөн гэж хардаж байна уу. Нам болоод хувь хүн?
-Хардах нь битгий хэл мэдэж байна. Даанч одоохондоо хэлж болохгүй байна.
-Таны ээжийг хуулийнхан олон жил дагаж, хамгийн сүүлд газар дээр нь илрүүлж, баривчилсан гэж олон нийтэд мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол худал мэдээлэл. Тийм учраас тайлбар өгөх боломжгүй байна.
-Та Монголын төр, хууль, хяналтын байгууллага ээжийг тань гэмт хэргийн золиос болгож байгаа бол та хэрхэн тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлэх вэ?
-Төр, хууль хяналтын байгууллага гэж сүржигнээд яах вэ. Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. Хэсэг бүлэг хүн байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ээжийг минь энэ чигээр нь яллаад явуулвал энэ үйл ажиллагаанд оролцсон хүн бүртэй хатуу тооцоо бодно. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь бий гэдэг.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Зөндөө зүйл ярьмаар байвч ярьж болохгүй шалтгаан байна.
Ц.Хулангийн цагдан хорих ангиас бичсэн захидлыг хүргэж байна.
Тэрбээр "Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов. Хуулийн байгууллага "хэрэг”-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.
"Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ” гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.
Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.
1. Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
2. Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.
Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна. Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна” хэмээж байв.
https://ergelt.mn/news/21/single/33503