| |
21 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ: Хүүхдүүд нэгнээ дээрэлхэн, зодсон хэрэг сарын өмнө гарсан. Одоо шалгагдаж байгаа
Цахим орчинд ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид нэгнээ дээрэлхэж, зодож байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр иргэн С-ээс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 16 давхарт 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна” гэсэн гомдол, мэдээлэл ирүүлжээ.
Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидуудыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор бид 21-р сургуулийн захиралтай холбогдож тодруулахад “Манай сургуулийн ахлах ангийн сурагчид нэгнээ дээрэлхэн, зодсон хэрэг сарын өмнө гарсан. Хичээлээ тарах замдаа тийм хэрэг болсон юм билээ. Одоогоор хүүхдүүдийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа. Бид сургуульдаа ирэхээр нь нарийн зүйлийг тодруулна” гэв.