|
Видео

Шинэ мэдээ

ДҮНСГЭР ПАРЛАМЕНТ

ДҮНСГЭР ПАРЛАМЕНТ

 

Хаврын чуулган дүнсгэр, чимээгүй эхэлж байна даа.

    Уг нь гишүүд хоёр сарын дараах чуулганы хуралдаандаа үндэсний дээлээрээ гоёх нь гоёж, нэгнээ тэвэрч үнсээд, есдүгээр сарын 1-нд хичээлдээ ирж байгаа хүүхдүүд шиг л дуулиан, шуугиантай уулздаг сан. Гэвч энэ удаагийн ээлжит чуулганаар чуулганы танхим нам гүмд автаж, гишүүд нэгнээсээ бэргэсэн, жийрэх сэн байдалтай ёслоод өнгөрөв. Угтаа бол гишүүд хэн ямар хэргээр бүрэн эрхээсээ түдгэлзэх бол гэсэн айдастай чуулганы хуралдаанаа нээлээ.

     УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхтэй зэрэгцээд л Засгийн газар нэг сайдаа чөлөөлчихлөө. Тодруулбал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдон ялалдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан өнгөрсөн сард УИХ-ын гишүүний болон засгийн газрын сайдын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний хүсэлтийг хэлэлцэн сайдын суудлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Түүнчлэн БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Ийн хаврын чуулган халаа сэлгээгээр эхэлж байгаа нь хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гишүүдийг айдаст автуулж, бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах уу, үгүй юү гэдэг том шалгуур дээр ирээд байна. Тиймдээ ч хаврын чуулган дэндүү дүнсгэр эхэлж буй бололтой.

    Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүд тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Гурван чиглэлээр 10 багц хуулийн асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. УИХ-аас зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг 4 үе шаттай зохион байгуулж улс орны нийгэм эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг иргэдтэйгээ хамт тодорхойлсон. Эхний шатанд нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар эрдэм шинжилгээний хурал хийсэн. Дараа нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд жагсаж цугласан иргэдийн төлөөлөл оролцсон үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулж санал санаачилгуудыг хэлэлцсэн.

    Санал асуулгад оролцогчид авлигал, хээл хахуулийг онцлон ярьж байсан бөгөөд төсөв мөнгө, төрийн өмчийн хяналтыг сайжруулахын тулд ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийг хянан шалгах бие даасан  тогтолцоог бүрдүүлэх асуудлыг өндөр хувиар дэмжсэн.

    Ийм тогтолцоонд төр сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг тогтоож авлигаас ангижрах чухал хөшүүрэг болно гэж дийлэнх олонх нь үзэл бодлоо илэрхийлсэн байна. Санал асуулгын үр дүнгээр 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хуулиудыг яаралтай хэлэлцэн баталж, ҮХНӨ-ийн үр дүнг үзэх шаардлагатай гэж үзсэн. Жишээлбэл, 2019 оны ҮХНӨ-д туссан байгалийн баялгаас ард иргэд тэгш хүртэх, хүртээмжтэй байх, үндэсний баялгийн сан байгуулах эрхзүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй  гэх асуудлыг оролцогчдын 90 хувь нь дэмжсэн. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг Засгийн газар, холбогдох сайд, гишүүд онцгой анхаарах хэрэгтэй.” гэлээ.

    Энэ удаагийн ээлжит чуулган дүнсгэр, нам гүм эхэлж байгаа хэдий ч улс төрийн халуун үйл явдлууд өрнөх нь тодорхой болоод буй. Хэн гишүүн чөлөөлөгдөж, хэдэн гишүүн үлдэх вэ гэдэг таамгууд өрнөж байна. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүд эхнээсээ бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол зарим нь "Бүрэн эрхээс түдгэлзэх үндэслэл байхгүй” гэж өөрийгөө хамгаалж суугаа.

https://ergelt.mn/news/1/single/31351

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler