| |
Видео
Шинэ мэдээ
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шийдвэр
Нийслэлийн Прокурорын газраас Б. Батбаяр нарын нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан энэ сарын 15-наас 16-ны өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд боллоо.
Хэлэлцүүлэгт хохирогч байгууллагуудын болон иргэний хариуцагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөгч, өмгөөлөгчид, яллагдагч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, прокурорууд, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар, шүүгчийн туслах зэрэг хэргийн оролцогч 155 хүн, үүний зэрэгцээ шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалт, хуралдааны хэвийн тасралтгүй явагдах нөхцөлийг хангаж ажиллахаар тус шүүхийн Тамгын газрын болон Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэргэжилтнүүд, Улаанбаатар чуулгын инженер, техникийн ажилтнууд, хуралдааны үеийн дэг журам, аюулгүй байдлыг хангаж хамгаалж оролцсон цагдаагийн байгууллагын алба хаагчид нийтдээ 200 орчим хүн байлцлаа.
Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд 99 оролцогч 2 өдрийн турш давхардсан тоогоор 154 удаа санал, хүсэлт, тайлбараа биечлэн гаргаж мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн оролцов.
Хэлэлцүүлгийн эцэст шүүхээс дараах шийдвэрийг гаргав
Нэр бүхий яллагдагч нар болон тэдний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан прокуророос яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу албан ёсоор гардуулаагүй тухай гомдлыг хүлээн авахаас татгалзаж,
Зарим өмгөөлөгчдөөс гаргасан өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлтийг хангаж
Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Үндсэн хуулийн цэц дээр энэ асуудалтай холбоотой маргаан үүсэж хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухай
Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг прокуророос урьд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан атлаа тухайн шийдвэрээ хүчингүй болгож эрүүгийн хариуцлагад татах болсон тухай санал, гомдол
Прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах
Шүүх хуралдаанд дуудах гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх санал, хүсэлт
Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт /яллагдагч Я. Батцэцэгийн биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс бусад/
Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол
Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх
Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах
Хэргийг тусгаарлуулах
Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлүүлэх
Эрх бүхий байгууллагуудаас нотлох баримт гаргуулах
Дахин шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах зэрэг санал, хүсэлтүүдийг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаар талуудыг мэтгэлцүүлэн нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагын үүднээс хэлэлцэхгүй орхиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээдийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2023.03.02-ны өдрийн 09.00 цагт шүүх бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай байдлаар Улаанбаатар чуулгын байранд хийхээр товлон зарлав гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.